Б.Цэнгэл: “Шонхоодой” циркийнхэн Турк улсад нэг жил гацахдаа хиам, будаагаар хооллож, өвдөж зовсон

Б.Цэнгэл: “Шонхоодой” циркийнхэн Турк улсад нэг жил гацахдаа хиам, будаагаар хооллож, өвдөж зовсон

2008 оны зун Дархан хот. Хэзээ үргэлж дотно дулаан уур амьсгал, хөгжмийн аялгуу, эелдэг үгс, үеийн тэнгийнхний инээд шуугианаар угтдаг Христийн сүмээр орвол тус байгууллагын удирдлагууд урьдын адил хүүхдүүдэд бэлэг тарааж харагдана. Үүнийг харсан Б.Цэнгэл хүү /9 настай/ баяр хөөрт автан дугаарлаж зогсоод бэлгээ авав. Ерөөс Христийн сүмийг зорих шалтгаан нь бэлэг авах. Энэ удаа ч мөн бэлэг авах битүүхэн хүсэлтэй ирсэн нь насан туршийн амьдралыг нь өөрчлөх хүмүүстэй танилцуулжээ.

-ХҮНД ХЭЦҮҮГЭЭС ӨСЧ ӨНДИЙСӨН ХҮҮХДҮҮД ЦИРКЧИН БОЛСОН ТҮҮХ-

Тодруулбал, циркчин Т.Төмөр, Я.Батцэцэг нар энэ өдөр харж хандах хүнгүйн дээр сургуулиас завсардсан хүүхдүүдтэй тус сүмд танилцан “Шонхоодой” цирктээ жүжигний мэргэжлээр суралцах саналыг тавьсан байна. Ингээд л сүмд цугласан бүх хүүхэд циркчин болох мөрөөдлөө тэр өдөр олж  “Шонхоодой” гэх нэрийн дор ажиллаж, амьдран өдийг хүрчээ.

Б.Цэнгэл болон түүний найзуудыг хайр, халамжаар тосч авсан Т.Төмөр, Я.Батцэцэг нар тэднийг циркийн урлагт сургахын сацуу нийгэмшүүлж, амьдралд алзахгүй, алдаж онохгүй болгохоор хүмүүжүүлжээ.

Б.Цэнгэл “Шонхоодой”-д ирснээсээ хойш жүжигчин болох мөрөөдлөөрөө бэлтгэл сургуулилтаа хийх, тоглолтод орохын хажуугаар ЕБС-ын албан бус сургалтаа төгсөв. Үүнээс хойш циркийн жүжигчнээрээ тасралтгүй ажиллаж амьдралаа босгохоор зүтгэж байна. “Шонхоодой” циркийн үйл ажиллагаа өргөжиж, бага, багаар дэвшиж ирсний илрэл нь гадаадын байгууллагуудтай харилцаа тогтоон гадны улсуудад тоглодог болсны илрэл.

Энэ хүрээнд 2019 онд “Шонхоодой” циркийн хоёр багш  24 жүжигчин хүүхдээ дагуулан Турк улсыг зорив. Эхний зургаан сар идэвхтэй үйл ажиллагаа явуулж Туркийн компанитай байгуулсан гэрээний дагуу  жуулчдад зориулсан үндэсний урлагийн тоглолтоо хуваарийн дагуу буюу сард 28 удаа тоглож байв. Удалгүй 14 хүүхэд нь Монгол руу гаа буцаж 10 жүжигчин Туркийн компанийн хүсэлтээр гэрээгээ сунган үлджээ. Ингээд тоглолтоо хэвийн үргэлжлүүлж гэрээний дагуу 450-500 долларын цалингаа аван, ар амьдралдаа ч зарцуулан бүтэмжтэй байтал 2019 оны сүүлэээс Туркт коронавирусийн халдвар дэгдсэнээс үүдэн жуулчин хүлээж авахгүй болж товлосон тоглолтууд цуцлагдаж хүндхэн нөхцөл байдалд орж эхэлжээ.

-УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА ХҮҮХДҮҮД ТУСАЛЖ ЭХ, ОРОНД НЬ АВЧИРЖЭЭ-

Жуулчингүй тул тоглолтгүй, орлогогүй болж улмаар Туркийн компаниас зочид буудал, хоол хүнсний мөнгөнөөс өөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй болов. Эндээс хэцүү, хүнд нөхцөлд  “гацах” эхлэл тавигдаж байрласан зочид буудлын орчин муу дээр олигтой хоол, хүнсгүй бүтэн жил гаруй байхад хүргэжээ. Халдварын эд тархалтын үеэр Туркт иргэдийг гэрээсээ гарахыг хориглож энэ дагуу тэд өдөр, шөнөгүй кондишн ажиллах өрөөндөө бүгнэ. Энэ байдал олон сар үргэлжилж халдварын тархалт буурсан үеэс хаа, нэг гарч агаар амьсгалах болсон байна.

Жил гаруй гацах хугацаанд хүүхдүүдийн зарим нь хамрын үрэвслээр өвдөж мөн ханиад томуу нь хүндрэн эмнэлэгт хандахад виз, ажлын картны хугацаа дууссан шалтгаанаар хүлээж авахлгүй, эм бичиж өгөөд буцаах тохиолдол ч байжээ. Ядахад хиам будаагаар өдөрт нэг л удаа хооллох нь дархлаа сулрах эрсдэл болно.

Нөхцөл, байдал улам хүндрэхийн үеэс эх орондоо ирэх хүсэлтийг Улсын онцгой комисс, Элчин сайдын яаманд тавьж улмаар виз нь гарч  зөвшөөрөгдсөн ч мөнгөгүй гацаж бүх зүйл хойшилсоор бүтэн жил зочид буудалд хоригдоход хүргэсэн байна. Хаанаас мөнгө олох талаараа хүүхдүүд ярилцаж зарим хэвлэлд ярилцлага өгөх өөрсдийн сошиал хаягаар шууд дамжуулалт хийсэн ч өөрсдийнх нь төсөөлсөн шиг үр дүнд хүрч хүмүүсийн анхаарлыг татсангүй.

Ингээд л мөнгөгүйн улмаас саатсаар... Нэгэн өдөр таньдаг эгчдээ хандан учир байдлаа хэлж үзтэл ойлгож хүлээн аван улмаар УИХ-ын гишүүн С.Одонтуяад уламжилжээ. Ингээд хүүхдүүдийн танил эгч УИХ-ын гишүүн С.Одонтуяатай хамтран Гадаад харилцааны яам, Монгол улс дахь Турк улсын Элчин сайдын яаманд хандан бүх зөвшөөрлийг авч чадсаны зэрэгцээ тийзний зардал, тусгаарлалтын төлбөр зэргийг “босгон” өнгөрсөн сарын 24-ны  /2021.02.24/ тусгай үүргийн онгоцонд багтаан эх оронд авчирсан юм. Хүүхдүүд тусгаарлалтаас энэ сарын 06-ны өдөр /2021.03.06/ гарч төрөлх Дархан руу гаа явсан юм.

Б.Цэнгэл энэ тухай бидэнд өгсөн ярилцлагадаа “Монголд буусан үедээ ингээд эх орондоо ирчихлээ гэж үү. Зүүд юм болов уу” гэж бодсон гэсэн юм. Тэрбээр Дарханд циркийн жүжигчин ахын хамтаар амьдрах бөгөөд хувийн цирктэй болж өөрсөд шигээ хүүхдүүдийг сурган, нийгэмшүүлэх, тэдэнтэйгээ гадаадад үндэсний урлагаа сурталчлах мөрөөдөлтэй. Гэтэл одоо өөрсдөд нь ч заал, танхим олддоггүй гэх.

Б.Цэнгэл “Тууштай хөдөлмөрлөвөл заавал ахидаг, амьдрал дээшилдэг. Циркийн урлаг төлөвшүүлнэ, хатууж wqwwwwwwилтай болгож харилцааны соёлд сургана. Тиймээс илүү хичээж, зорино” хэмээн хуучилсан.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Хүнд хэцүүгээс өндийсөн хүүхдүүд амьдралд хөл тавьж, хичээн зүтгэж байна. Хэрвээ тэд эцэг, эх, ар гэртэй байсан бол аль хэдийн хөөцөлдөөд эх оронд нь авчрах байв. Харин харж хандах хүнгүй нь тэднийг хүний нутагт нэг жил гаруйн хугацаанд хүндхэн нөхцөлд байхад нөлөөлжээ. Гэхдээ сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар хүүхдүүд эх орондоо ирсэн ийм нэгэн түүхийг хүргэхгүй байхын аргагүй билээ.