Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөв

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөв

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт тус аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 47 км, Дэлгэр сумын төвөөс баруун урд зүгт 47 км, Халиун сумын төвөөс зүүн хойд зүгт 57 км зайд Улаанбаатарын 15.20 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Манай орны хувьд хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгддэг ч хөдөө орон нутагт барилгажилт бага, суурьшил сийрэг тул харьцангуй хохирол бага аж.

Ташрамд мэдээлэхэд, дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэдэг. Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол магнитуд нь 7 ба түүнээс дээш хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.

Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлж дуугарах нь бий.

Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга, тавиур дээрх ном, суурьт нь бэхлээгүй гэрийн тавилга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрч, элдэв зүйлсэд анхаарлаа хандуулдаг аж.

Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, суурьт нь бэхлээгүй гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг байна.

 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

27 минутын өмнө