Н.Мөнхнасан: Цементийг бат бэхийн үзүүлэлтээр шалгаж байж нэвтрүүлэх лаборатори гаальд одоогоор байхгүй

Н.Мөнхнасан: Цементийг бат бэхийн үзүүлэлтээр шалгаж байж нэвтрүүлэх лаборатори гаальд одоогоор байхгүй

Засгийн газрын Лхагва гарагийн /2024.05.01/ хуралдаанаас Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, импортын цементийн гаалийн албан татварыг 20 хувиас таван хувь болгон бууруулсан.

Тэгвэл уг шийдвэрийг Монполимет ХХК-ийн захирал Н.Мөнхнасан өөрийн цахим хуудаснаа шүүмжилжээ. Тэрбээр “Өчигдөр Засгийн газрын хуралдаанаас импортын гурилын татварыг тэглэж, харин импортын цементийн татварыг 5% болгон бууруулах гэнэтийн шийдвэр гарчээ.

  1. Нийт 5 үйлдвэр байгаагийн хувийн хэвшлийнхэн лав бүгд бүтээн байгуулалтын улирал эхлэхээс өмнө хангалттай бэлтгэл ажлаа хийдэг, үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж байж олон мянган ажилтнуудыхаа цалинг тавих, улсын төсөвт татвар төвлөрүүлэх төлөвлөгөөт ажлууд эхэлдэг.
  2. Эдгээр хувийн хэвшлийн үндэсний үйлдвэрүүд байгуулагдсанаар импортоос хараат бус бие даасан болсон нь 30 жилд болсон хамгийн том үр дүнтэй бүтээн байгуулалтууд болсон. Улсын төлбөрийн тэнцэл эерэг гарлаа гэсэн үр дүнд энэ салбарын хувь нэмэр бий. Харин энэ шийдвэр гарснаар валютын гадагш гарах урсгал идэвхижиж, сонгуулийн дараа валютын ханш өсөхөөр харагдаж бн.
  3. Импортын цемент ихээр оруулж ирснээр бидэнд ямар үр дүн гарах вэ?  Нэн түрүүнд чанар эргэлзээ байнга дагуулдаг: 28 хоногийн бат бэхийн үзүүлэлтээр шалгаж байж нэвтрүүлэх лаборатори гаальд одоогоор байхгүй. Цемент бол барилгын талх, ингэж нэрлэдэг нь ч учиртай. Талх чанартай байж эрүүл мэндэд сайнаар нөлөө үзүүлнэ гэдэг шиг цемент чанартай байж насжилт урттай барилга барина.
  4. Цементийн үнэ барилгын өртөгт ердөө 8% байдаг, цементийн үнэ өсөхөөр барилгын, орон сууцны үнэ өслөө гэдэг бол өрөөсгөл ойлголт, цемент 10% өсөхөд нийт материалын зардал 1 хүрэхгүй хувь л өсдөг. Цемент бетоноос илүү бусад өндөр үнэтэй барилгын материал нь өртөгт өндрөөр суудаг.

Сонгууль дөхөөд эрх баригч намаас гэнэтийн шийдвэрүүд их гарч байна. Ингэхдээ Шинэ сэргэлтийн бодлого гэсэн том шинэчлэлийнхээ эсрэг яваад байгаа гэлтэй, аж үйлдвэрийн сэргэлт хийнэ гэсэн авч өнөөдрийг хүртэл дорвитой дэмжээд хөгжүүлээд байсан зүйл алга. Эсрэгээрээ энэ мэт ирээдүйгээ гацаасан, ухарсан бодлого явуулаад байж болж байна уу” гэжээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө