Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын номын нээлт болно

Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын номын нээлт болно

Мэдээ, мэдээллийн “iToim” агентлагийн үүсгэн байгуулагч, Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүдийг эмхэтгэсэн гурамсан боть ном уншигч таны гарт очиход бэлэн боллоо. Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын 1998 оноос хойш бичиж туурвисан сэтгүүл зүйн 1000 орчим шилдэг бүтээлээс сонгон дээжилсэн гурамсан боть номыг “Нийтлэлч Отгонбаяр” сангаас эмхэтгэн гаргаж байгаа бөгөөд энэхүү сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн номын нээлт 2024 оны тавдугаар сарын 10-ны 18.00 цагт Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Их танхимд болно.
Энэхүү гурамсан ботьд Г.Отгонбаярын бичсэн улс төр, нийгэм, эдийн засаг, сэтгүүл зүйн бүтээлүүдийг сэдвээр бүлэглэн, он цагийн дараалалд хөрвүүлжээ. Тодруулбал, 1998 оноос хойш "Ардын эрх", "Өдрийн сонин", "Зууны мэдээ", "Зууны шуудан", "Үндэсний шуудан" зэрэг өдөр тутмын сонины хуудаснаа үлдэж, baabar.mn болон 2015 онд өөрийнх нь үүсгэн байгуулсан iToim.mn сайтын тэргүүн нийтлэл болж, уншигч олонд хүрсэн шилдэг аналитик 115 нийтлэл, 22 ярилцлагыг багтаажээ.
Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын 23 жилийн хугацаанд бүтээж туурвисан оюуны их өв болох нийтлэл, ярилцлага нь тухайн цаг үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн дүр зураг, үйл явдлын учир шалтгааныг дэлгэн харуулж, задлан шинжилж бичсэн аналитик тойм гэдэг утгаараа улстөрчид болон судлаачид, шинэ залуу сэтгүүлч, оюутан залууст сэтгүүл зүй судлалд нь чухал хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэж байна.