Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар

2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын Ухань хотод шинэ коронавирус илэрснээс хойш хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, нийслэлийн Онцгой комиссийн зүгээс коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Мөн нийслэл рүү орох гарах хөдөлгөөнд мэргэжлийн баг хяналт тавин ажиллаж байна. Мөн нийслэлийн бүхий л эрүүл мэндийн байгууллагууд болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа талаар мэдээллээ. 

-45 МЯНГА ГАРУЙ ХҮН ХЯНАЛТ ТАНДАЛТАД ХАМРАГДЖЭЭ-

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа "Коронавирусын цар тахалын үед манай Шуурхай штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Нийт 977 төрийн албан хаагч 256 чиглэлд ажиллаж, 2385 зөрчил илрүүлсэн. Тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахаас гадна иргэдэд мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байна. Улаанбаатар луу орох, гарах чиглэлд тандалт судалгаануудыг хийж байна.

Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг руу зорчих хөдөлгөөн их байна. Энэ аймгуудаас хот руу зорчих хөдөлгөөн хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа.

24 цагийн дотор 60651 орох, гарах хөдөлгөөний тандалт судалгаа хийгдсэн" гэв.

-ГЭРИЙН АЖИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУСАЖ ХЯНАЛТААС ГАРСАН 502 ХҮН БАЙНА-

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Тусгай үүрийн онгоц, орон нутгийн боомтуудаас орж ирж байгаа иргэдийг эмнэлэг болон тусгаарлах байранд 14-21 хоног тусгаарлаж байна. Эдгээр иргэд гараад 14 хоног гэрийн ажиглалт, тусгаарлалтад байх ёстой. Дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавин ажиллаж байна.

Улсын онцгой комиссийн шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн дагуу хяналтыг хийж байгаа. Гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэл нийт 2509 хүнийг хяналтад авах ёстойгоос 1727 хүнийг хяналтад авсан. Үлдсэн хүмүүсийн хяналтын хугацаа нь дуусаагүй байгаа.

Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 1727 хүний 1208-ыг нь эрүүл мэндийн төвийн хяналтад авсан. Гэрийн ажиглалтын хугацаа дуусаж хяналтаас гарсан хүн 502 байна" гэсэн мэдээллийг тус тус өглөө.