С.Цэвэгжав: “Ачит Ихт"-ийн 22 хувийг П.Цагааны гэр бүл эзэмшиж байна. Гэтэл эхнэр нь дангаараа дахиад 78 хувийг эзэмшдэг. Үүний ард Ц.Элбэгдорж л байгаа

С.Цэвэгжав: “Ачит Ихт"-ийн 22 хувийг П.Цагааны гэр бүл эзэмшиж байна. Гэтэл эхнэр нь дангаараа дахиад 78 хувийг эзэмшдэг. Үүний ард Ц.Элбэгдорж л байгаа

“Ачит Ихт” ХХК-тай холбоотой асуудал энэ долоо хоногт олны анхаарлыг ихээхэн татаад буй. Учир юу гэвээс “Ачит Ихт” ХХК гэх Эрдэнэт үйлдвэрийн овоолго дээр түшиглэн бий болсон үйлдвэр нь олон жил Эрдэнэт үйлдвэрт 34 хувиа эзэмшүүлэхгүй явсан гэх. Ингэхдээ 2014 онд Эрдэнэт үйлдвэрээс томилогдсон шинжээчийн баг “Ачит Ихт” ХХК-г “ашиггүй” гэж дүгнэн 34 хувиасаа татгалзсан байгаа юм.

Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдээлснээр өнгөрсөн найман жилийн хугацаанд “Ачит Ихт” ХХК-ийн борлуулалтын орлого нь 535 орчим сая.доллар байжээ. Иймд Засгийн газраас “Ачит Ихт” ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт авч, өнгөрсөн найман жилийн хугацаанд өгөх ёстой байсан 34 хувьд ногдох ашгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан юм. Иймд бид “Ачит Ихт” ХХК-г анх хэд орчим төгрөгийн санхүүжилтээр барьсан, барьж байх явц болон түүний дараах асуудлуудыг тодруулахаар “Ачит Ихт” ХХК-ийн үйлдвэрийг анх барьсан, ахлах инженер С.Цэвэгжавтай ярилцлаа.

ВИДЕО:

-"П.ЦАГААНЫ АШИГЛАЖ БАЙСАН ЗӨВХӨН ХОЁРДУГААР ОВООЛГО Л ГЭХЭД 65 САЯ ТОНН ХҮДЭРТЭЙ, 185 МЯНГАН ТОНН ЗЭСТЭЙ ТОМООХОН ОРД"-

-Та бол “Ачит Ихт” компанийн үйлдвэрийг барьсан хүн. Энэ үйлдвэр ямар өртгөөр баригдсан бэ. Мөн “Ачит Ихт” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлж буй Эрдэнэтийн овоолгыг зарим хүмүүс энэ бол хаягдал гээд, зарим нь орд гээд байгаа юм. Энэ ер нь орд юм уу, эсвэл зарим хүмүүсийн яриад байгаа шиг хаягдал юм уу?

-Эрдэнэт үйлдвэр анх байгуулагдаад 1978 оноос хойш ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн технологид таардаггүй исэлдсэн хүдрийг буюу зэсийн өндөр агууламжтай бүтээгдэхүүнийг тусад нь ялгаж, Эрдэнэт үйлдвэр ирээдүйд ашиглах гэж нөөц бий болгосон орд. Энэ бол овоолго ч биш, хаягдал ч биш, томоохон орд юм. Учир нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагааны ашиглаж байсан зөвхөн хоёрдугаар овоолго л гэхэд 65 сая тонн хүдэртэй, 185 мянган тонн зэстэй томоохон орд шүү дээ. Ийм зүйлийг олон нийт нь хог хаягдал ч гэж байх шиг. Энэ бол ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн зүйл. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан хүн байж өөрөө тэгж хэлээд байж байгаа нь маш зохисгүй. Ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн зүйл байна л гэж би ойлгосон. Хоёрдугаарт, би анхнаас нь бүх зүйлийг нь гардаж хийсэн хүний хувьд энэ үйлдвэр нь 40 гаруй сая доллараар боссон, Голомт банкны зээлээр баригдсан үйлдвэр юм.

Голомт банкинд сүүлд 54 сая долларыг санхүүгийн зардалтайгаа төлсөн гэж би сонссон. Тэгэхээр “Ачит Ихт” ХХК бол 54 сая долларт боссон үйлдвэр.

-Цагдаагийн байгууллагаас “Ачит Ихт” ХХК дээр эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Засгийн газраас “34 хувиа “Ачит Ихт” ХХК-аас ав. Өнгөрсөн хугацаанд аваагүй орлогоо бас буцааж ав” гэсэн. Учир нь Эрдэнэт Үйлдвэр болон “Ачит Ихт” компани анх гэрээ байгуулахдаа “Ачит Ихт” ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшинэ гэж заасан юм байна лээ. Гэтэл 2014 онд Эрдэнэт үйлдвэрээс гарсан ажлын хэсэг “34 хувиа бид авахаас татгалзаж байна. Учир нь ашиггүй байна” гэдэг шийдвэрийг гаргажээ. Энэ бол их хардлага төрөхөөр шийдвэр. Эрдэнэт үйлдвэрээс 2014 онд гарсан ажлын хэсэг ийм дүгнэлт гарахад хэн нэгэн нөлөөлөв үү? Хоёрдугаарт, “Ачит Ихт” ХХК-ийн ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байсан байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Би сүүлийн үед гарч байгаа мэдээллийг маш сайн харж байгаа. Энэ шийдвэрийг миний хувьд зөв шийдвэр гэж харж байгаа. Учир нь 2013 онд төрийн өмчийн хороо баталсан гэрээн дээр тухайн үеийн захирал байсан н.Даваацэрэн Эрдэнэт үйлдвэр овоолгоо ашиглуулсныхаа төлөө тэр компанийнхаа 34 хувийг авна гээд заачихсан байгаа. Гэтэл сая тэр олон нийтэд цацагдсан мэдээллээс харахад 2014 оны ажлын хэсэг “Ачит Ихт ХХК-г ямар ч ашиггүй” гэж дүгнэсэн бол 2015 онд хийсэн ганцхан гэрээн дээр н.Даваасүрэн нь 34 хувиасаа татгалзсан байдаг. Өөрөө хэлбэл эд баялагтаа эзэн болох иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргасан гэсэн үг. Үүнийг ямар хүн гаргаж чадах вэ. Энэ бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагааны хийсэн ажил биш.

“Ачит Ихт” компанийн сүүлийн хоёр жилийн хувьцаа эзэмшлийг харвал 22 хувь дээр П.Цагааны гэр бүл байна. Гэтэл эхнэр нь компаний 78 хувийг дахиад дангаараа эзэмшдэг байж. Үүний ард Ц.Элбэгдорж л байгаа шүү дээ.

Өөр хэн байдаг юм. “Ачит Ихт”-ийн үйлдвэрийг анх барихад хэдэн хүн надтай гэрээ байгуулаад, ямар нэгэн шийдвэргүйгээр бидэнд үүрэг өгөөд л бид барьсан. Эхлээд бүх дүгнэлт, байгаль орчны үнэлгээ зэрэг бүх зүйлсээ гаргаж байж үйлдвэр баригддаг. Гэтэл тэр том хааны үйлдвэр болохоор ямар ч шийдвэргүй, тавхан цаастай үйлдвэр барьчихсан хүмүүс шүү дээ. Үйлдвэр жил хагасын дотор баригдсан. Баригдах явцад шийдвэрийн цаасыг нь араас нь нөхөж хийж байсан. Тэгэхээр сая Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр үндэслэлтэй. Ард нь заавал нэг хүний хамгаалалтанд байж л бусармаг юмаа хийж чаддаг. Хоёр дахь шалтгаан нь Ц.Элбэгдоржтой би шүүхийн маргаантай байгаа. Өөрсдийнх нь гар хөл болсон хүмүүс шүүхэд байдаг. Шүүх хурал хийлгэдэггүй. Үүнийг Ц.Элбэгдорж л хийж чадна. Иргэн хүнийхээ хувьд хэлэхэд бид бүхэн нэг хүний дарангуйлалд байсан юм байна гэдгийг л ойлгож байгаа.

-"Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ ХАМТ БАЙСАН ЗӨВХӨН НЭГ НӨХӨР Л ҮЙЛДВЭР БАРЬЖ АВААД, 620 САЯ ДОЛЛАРЫН БОРЛУУЛАЛТ ХИЙСЭН БАЙНА"- 

-“Ачит Ихт” ХХК анх үйлдвэрээ барихдаа таван цаастай ирсэн, хойноос нь холбогдох материалуудыг нөхдөг байсан, үүнийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан хүн ганцаараа хийж чадахгүй шүү дээ гэж та хэллээ. Энэ явдлын ард хэн байсан гэж та хардаж байна вэ?

-Би бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байсан л гэж харж байгаа. Цагдаагийн мэдээллээс өөрийнхөө бодлыг баталгаажуулсан. Тэр хүн байж байж л энэ явдал боломжтой болно. Түүнээс биш П.Цагааныг хэн тоох юм. Тэр төрийн өмчит компани нь томоохон хуулийн багтай, бүхэл бүтэн байгууллага шүү дээ. Тэр олон хуульч нар байхад тэр зүйлийг хийж чадах ганц хүн нь Ц.Элбэгдорж. Стратегийн орд учраас заавал 34 хувиа өгөх ёстой. Бүр тэр хуулиа зөрчсөн гэрээг хийж чадах хүн нь Ц.Элбэгдорж. Тэр бол Монголын хаан байсан хүн. Хүмүүсийг янз бүрийн дарамтанд оруулдаг байсан шүү дээ. Одоо гэхдээ би огт тоохоо байсан. Учир нь би сүүлийн долоон жил тэд нарын гүтгэлэг доромжлол олон янз зүйлийн дор явсаар ирлээ. Иймэрхүү хүмүүсээс л Монглын нийгэм цэвэрших ёстой.

Ц.Элбэгдоржтой хамт байсан зөвхөн нэг нөхөр л үйлдвэр барьж аваад, 620 гаруй сая долларын борлуулалт хийсэн байна шүү дээ. Тэр цагдаагийн мэдээлэлд дурдсанаар Сингапурт байсан компаниар дамжуулан мөнгө угаадаг байсан байгаа юм. Энэ чинь арай л зохимжгүй байгаа биз дээ.

-“АЧИТ ИХТ” ХХК-Г БАРИХ ҮЕД НЭГ Ч УДАА МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС ШАЛГАЖ БАЙГААГҮЙ МӨРТЛӨӨ ЭРДЭНЭТИЙН ОЛОН МЯНГАН ИРГЭДИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИХ КОМПАНИЙГ БАРЬЖ БАЙХАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БҮХ ШАЛГАЛТУУДЫГ ХИЙДЭГ БАЙСАН"-

-Та бол П.Цагаан нарын эзэмшдэг “Ачит Ихт” ХХК-ийн үйлдвэр болоод Эрдэнэтийн 24500 иргэний эзэмшдэг “Зэс Эрдэнийн хувь” компанийн үйлдвэрийг гардаж барьсан хүн. Та тэр үйлдвэрүүдийг удирдаж бариулж байхад ялгаатай зүйлс ажиглаж байв уу?

-Хуулийн дээгүүр амьдардаг хүмүүсийн ажил яаж явдгийг “Ачит Ихт” ХХК-г барьж байхад харсан. Дараа нь Эрдэнэтийн үйлдвэрийн хувьцаа эзэмшдэг иргэдийн “Зэс Эрдэнийн хувь” компани бүх хуулийг биелүүлэхийн төлөө яаж явдгийг харсан. Хуулийн дор амьдардаг хүмүүс болон хуулийн дээгүүр амьдардаг хүмүүс ямар ялгаатай байдаг гэдгийг тэр үед л харж байлаа. Жишээлбэл “Ачит Ихт” ХХК-г барих гэж хоёр жил талбай дээр нь байхад нэг ч удаа Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирж шалгаж байгаагүй. Гэтэл Эрдэнэтийн олон мянган иргэдийн хувьцаа эзэмших компанийг барьж байхад төлөвлөгөөт шалгалтуудыг байнга хийдэг байсан. Сонин байгаа биз дээ. Хоёр туйл гэдгийг би өөрийн нүдээр харсан учраас одоо төрийн авч байгаа арга хэмжээ маш зөв зүйтэй гэж л бодож байна даа.

-Одоо хууль сахиулах байгууллагаас “Ачит Ихт” ХХК-г шалгаж байгаа процесс, Засгийн газраас авч байгаа бодлого шийдвэрүүдийг та юу гэж харж байна?

-Сүүлийн арваад жил “Ачит Ихт” ХХК-тай зууралдаад явж байхад цагдаагийн байгууллага шалгаад, Засгийн газар шийдвэр гаргаж байгааг харахад Монгол Улс одоо л голдиролдоо орж байна уу гэж харж байна. Бид тэр Ц.Элбэгдорж гэж хүний босгосон сүлжээнд дор яаж амьд явж байсан юм бол. Одоо бол гэрэл гэгээ харагдаж байгаа. Засгийн шийдвэр болон хууль хүчний байгууллагын гаргаж байгаа шийдвэрийг иргэдэд зөв зүйтэй ойлгуулах хэрэгтэй. Ц.Элбэгдорж, П.Цагааны гэр бүл яахаараа Монголын иргэдийн эзэмших ёстой 700 сая долларыг өөрсдөө авах ёстой гэж. Төр засгийн шийдвэрийг дэмжээд одоо ч болтугай иргэд арай дээр амьдрахын төлөө зүтгэх л хэрэгтэй байна. “Ачит Ихт” ХХК нь зөвхөн нэгээхэн хэсэг л байх. Энэ тонуулыг засахын төлөө явж байгаа хууль хүчний байгууллагынханд баярлалаа л гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс "Ачит Ихт" компанийн эх сурвалжаас тодруулахад, "Энэ хүн худлаа мэдээлэл түгээдэг. Бид шүүхэд хандсан байгаа" гэв.