Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 73 иргэний ялыг хорих ялаар солиулжээ

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 73 иргэний ялыг хорих ялаар солиулжээ

Прокурорын байгууллагаас 2024 оны I улиралд хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, баривчлах, цагдан хорих ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхтэй 1656 удаа танилцаж, 203 шалгалт, судалгаа хийлээ.

Шалгах, танилцах ажиллагааны явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 500 орчим зөрчил илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 49 шаардлага хүргүүлсэн байна. Түүнчлэн ял эдэлж дууссан хүний хилийн хоригийг цуцлаагүй, шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээнээс илүү мөнгө төлүүлсэн зэрэг зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авснаар 55 хүний зөрчигдсөн эрх сэргээгджээ.

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтан хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн мөнгийг төлөөгүй, ял эдлэхээс зайлсхийсэн тохиолдолд ялыг хорих ялаар солиулсан тохиолдол өмнөх оноос 13 хувиар буурсан байна. Тодруулбал, дээрх хугацаанд торгох ялаар шийтгүүлсэн 29, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 58, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 73 иргэний ялыг хуульд заасны дагуу хорих ялаар солиулжээ.