ШУУРХАЙ: "Р.Базараагийн эрүүл мэнд муу байгаа" гэх шалтгаанаар өмгөөлөгч нь түүнийг суллуулах хүсэлт гаргасан ч шүүх татгалзлаа

ШУУРХАЙ: "Р.Базараагийн эрүүл мэнд муу байгаа" гэх шалтгаанаар өмгөөлөгч нь түүнийг суллуулах хүсэлт гаргасан ч шүүх татгалзлаа

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүнтэй холбоотой хэд хэдэн хүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15 /2024.04.15/-ны өдөр баривчилж, тэднийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. 

Улмаар Р.Баазараа нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 17 /2024.04.17/-ны өдөр хэлэлцээд “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базарааг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм. 

Харин түүний өмгөөлөгч Т.Пүрэвбазар "Р.Базараад шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх" саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байсан юм. 

Тэгвэл тус шүүхээс уг хүсэлтийг хэлэлцээд Р.Базарааг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх өмгөөлөгчийнх нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзасан байна. Учир нь түүнийг анх баривчлах үед үүссэн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр байгаа учир суллах боломжгүй гэж үзсэн байна. Тодруулбал, яллагдагч Р.Базараад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай дээрх хүсэлтийг хянан хэлэлцэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “хохирогч нарын амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл арилаагүй байх тул өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Р.Базараагийн өмгөөлөгч нь түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтдээ "Р.Базараагийн биеийн эрүүл мэнд муу байгаа" хэмээжээ.