Б.Ариунсан: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг цагдаа дээр байхад нь Б.Хурц ТЕГ-т авчирсан /ВИДЕО/

Б.Ариунсан: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг цагдаа дээр байхад нь Б.Хурц ТЕГ-т авчирсан /ВИДЕО/

Одоогоос 25 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 02 /1998.10.2/- ны өдөр Төр, нийгмийн нэр зүтгэлтэн С.Зориг бусдын гарт амиа алдсан. Харин 25 жилийн хугацаанд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан бөгөөд иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар тус хэргийг үйлдсэн хэмээж, гурван шатны шүүхээс хорих ялаар шийтгэсэн.

ВИДЕО: 

Гэсэн хэдий ч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүж ял тулгасан хэргээр хууль шүүх, прокурор, цагдаа, тагнуулын албан хаагчид ял шийтгүүлснээр шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг дахин шалгах шаардлага тавьж, улмаар уг хоёр иргэнийг сулласан. Товчхондоо, С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг илрүүлж чадаагүй 25 жил өнгөрч байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж ял тулгасан уг хэргийг Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц гүйцэтгэсэн гэх мэдээлэл гараад буй. Харин Б.Хурц нь энэ талаар иргэн Д.Мөнх-Эрдэнийн сошиал хаягаар дамжуулсан лайвын үеэд “Намайг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдохоос өмнө С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг Тагнуулын ерөнхий газарт байгуулсан байсан. Энэ дагуу  ажлыг үргэлжлүүлсэн” гэх агуулгыг хэлсэн. Тэгвэл түүний энэ яриаг 2012-2014 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Б.Хурцад ажлаа хүлээлгэн өгч байсан Б.Ариунсан үгүйсгэлээ.

Б.Ариунсан Тагнуулын ерөнхий газрын дарга асан

-ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ЭНЭ ХЭРГИЙГ АВЧИРСАН НЬ БУРУУ-

Энэ талаар түүнээс тодруулахад “ Миний үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг Тагнуулын ерөнхий газарт байгаагүй. Т.Гэрэл даргын үед ч байгаагүй. Ер нь хэрэг гарснаас хойш тус хэргийг шалгах ажлын хэсгийг байгуулсан уу гэвэл байгуулсан байсан. Ингэхдээ цагдаад байсан, ажлын хэсгийг прокурор Д.Дорлигжав ахалж байсан. Цагдаа дээр байгуулагдсан ажлын хэсэгт манайхаас хоёр хүний төлөөлөл орж ажиллаж байсан. Ганц манайх бус Авлигатай тэмцэх, цагдаа, прокуророос хүмүүс орсон ажлын хэсэг юм. Ажил нь нууцын зэрэглэлтэй. Намайг Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байхад Мөнхгал гэх манай төлөөлөгч “Ийм хэргүүд явж байна. Зардал мөнгө ийм байна” гэж ганц л удаа танилцуулга хийсэн.

Түүнээс бол өөр бусад мэдээлэл манай тагнуулынханд байсангүй. Бид хэвлэлийн л мэдээлэлтэй байсан. Намайг ажиллаж байх үед манай Мөрдөн байцаах газрын даргаар Тагнуулын ерөнхий газрын одоогийн дарга, хошууч генерал П.Одонбаатар ажиллаж байсан. Бид “Энэ ажлын хэсгийг энд авчирж болохгүй” гэж хоорондоо ярилцдаг байсан. Намайг тагнуулын дарга болсны дараа Ерөнхийлөгч дуудаад “Д.Дорлигжав прокуророор ахлуулсан Цагдаагийн ерөнхий газар дээрх ажлын хэсэг ерөнхийдөө сайн ажиллаж байна.  Гэхдээ  энэ ажлын хэсэг тагнуул дээр байвал илүү шуурхай байх юм шиг санагдаж байна. Та ямар бодолтой байна” гэж асуусан. Тэгэхэд нь би “ Манайх хүн амины хэрэг мөрдөх чиг үүрэггүй. Тиймээс бид өмнөх ажлаа л хийе. Уг ажлыг манайх авахгүй” гэхэд Ерөнхийлөгч хариуд нь “За чи ийм бодолтой байна уу. Тэгвэл танайх авах хэрэггүй. Цагдаа дээрээ байж байг” гэж хэлсэн.

Харин эрүүдэн шүүсэн гэх хэргийн талаар ярихдаа "Гүйцэтгэх ажиллагааны зардал ч байхгүй байлаа шүү дээ. Б.Хурц дарга болон Г.Эрдэнэбат прокурор хоёр “Ариунсан даргын үед ажлын хэсэг байсан” гэж яриад байх юм. Энэ чинь 26 жилийн өмнөөс явагдсан ажил. Харин Тагнуулын байгууллага дээр ажлын хэсэг байгаагүй. Сүүлийн үед Тагнуулын байгууллагын нэр янз бүрийн хэрэгт холбогдож байна. Би 2014 оны 11 сарын 26-ны өдөр Б.Хурц даргад ажлаа хүлээлгэн өгсөн. Харин Б.Хурц дарга ажлаа авснаас хойш удалгүй буюу 2015 оны эхээр С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг Тагнуул дээр авчирсан байдаг. Тагнуулд авчраад Одонбаатарыг Мөрдөн байцаах газрын даргаас чөлөөлж, Авлигатай тэмцэх газрын комиссар Бархасбадийг томилсон. Ингээд л манай тагнуул энэ хэрэг дээр “Тагнуулынхан” нэртэй болсон юм болов уу би бодож байна. Тагнуулын ерөнхий газар дээр энэ хэргийг авчирсан нь буруу” гэлээ.




Улаанбаатарт 30 градус дулаан байна

30 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хулгана өдөр

35 минутын өмнө