ВИДЕО: Монголчууд "саарал ус"-аа ашиглахгүй бол 2040 он гэхэд Улаанбаатар хот цэвэр усны хомсдолд орно

ВИДЕО: Монголчууд "саарал ус"-аа ашиглахгүй бол 2040 он гэхэд Улаанбаатар хот цэвэр усны хомсдолд орно

Цэвэр усны нөөц дэлхий нийтийн аюулын харанга болоод байна. Энэ аюул Монголыг ч тойрсонгүй. Манай улс усны нөөц хамгийн багатай 20 орны нэгт багтдаг бөгөөд 2040 он гэхэд Улаанаатар хотод цэвэр усны хомсдол үүсэх талаар мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Иймд саарал ус ашиглаж, цэвэр усаа гамнан, эх дэлхийгээ хайрлах юу юунаас илүү чухал цаг үе тулж ирлээ. Тэгвэл саарал усыг өргөн хэрэглээнд хэрхэн ашиглаж, ямар технологи нэвтрүүлэх шаардлагатай байгаа талаар бид энэ удаагийнхаа сурвалжилгаар хүргэж байна.

ВИДЕО:

- "СААРАЛ УС БУЮУ ШҮРШҮҮР, ГАЛ ТОГОО, УГААЛГЫН МАШИН ЗЭРГЭЭС ГАРЧ БУЙ УСЫГ НОЙЛДОО АШИГЛАЖ БОЛНО" -

Хамгийн их ус ашигладаг газруудын нэг бол мэдээж авто угаалгууд байдаг. Эдгээр газрууд улсын хэмжээнд жилд дунджаар 125 мянган шоо метр  цэвэр ус ашигладаг гэсэн тоо баримт бий. Мөн айл өрхүүд өдөр тутамдаа аяга тавгаа угаах, усанд орох, угаалгын машин ашиглах зэргээр тоймгүй их хэмжээний цэвэр усыг ашигладаг. Авто угаалгын газруудад саарал ус ашиглах тухай Засгийн газрын тогтоол баталсаар байтал техник технологийг бүрэн нэвтрүүлээгүйгээс ирээдүй хойчын маань уух цэвэр усыг ашигласаар байгаа юм. Улаанбаатарт явж байгаа бүх машиныг угаахад Дархан хотын бүтэн нэг өдөр хэрэглэх хэмжээний усыг зарцуулдаг байна. Ийм байдлаар цэвэр цэнгэг усныхаа нөөцийг алдаад байвал ирээдүйд Монголчууд маш хүнд нөхцөл байдалд орно. Гол нь иргэдэд усны үнэ энийг таниулж, саарал ус ашиглах технологийг нэвтрүүлэх нь юу юунаас илүү чухал. Үүний хамгийн тод жишээ бол шүршүүрт орох болон гар нүүрээ угаасан усаа хуримтлуулж байгаад нойл руугаа татах зэргээр саарал усыг үр дүнтэй ашиглах явдал юм.  

Мөн саарал ус гэхээр Монголчууд янз бүрээр ойлгодог. Зарим нэг нь үйлдвэрээс гарч байгаа усыг цэвэршүүлсэн бол саарал ус гэж ойлгоод байдаг. Тэгвэл энэ талаар тогтсон ойлголтыг бид доктор Д.Баасандоржоос тодруулахад, тэрбээр “Саарал ус, хөх ус, шар ус, цагаан ус гэх мэтчилэн олон төрлийн ус байдаг. Саарал ус гэдэг нь айлын гал тогооны өрөөнөөс гарч байгаа ус, гар нүүрийн угаагуур, шүршүүр, угаалгын машинаас гарч байгаа усыг хэлдэг. Жорлонгоос цааш урсаж байгаа усыг хар ус гэнэ. Гадаадын орнуудад гар нүүр болон шүршүүрт орж байгаа усыг дахин ашигладаг. Австрали, Канад, Америкт айл өрхөөс гарч байгаа саарал усыг ногоон байгууламж услах, машин тэргээ угаах зэргээр дахин ашигладаг. Учир нь цэвэр ус нь их үнэтэй. Гэтэл манай улсад цэвэр ус 1 төгрөгийн үнэтэй бол тэнд цэвэр ус 4-5 долларын үнэтэй байдаг. Тиймээс иргэд нь усаа эргүүлж ашиглах, хэмнэх зүйлийг маш сайн хийдэг” гэсэн юм.

-АВТО УГААЛГА БОЛОН НОГООН БАЙГУУЛАМЖИНД СААРАЛ УС АШИГЛАБАЛ ЦЭВЭР УСНЫ НӨӨЦИЙН 25 ХУВИЙГ ХЭМНЭНЭ -

Цэвэр усыг авто угаалгуудаар хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 73 дугаар тогтоол 2018 онд батлагдсан ч өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэгжсэн нь үгүй.

Тэгвэл бид бохир усыг цэвэршүүлж, саарал ус болгон авто угаалгадаа ашиглаж буй жишиг газар болох “Авто спа” угаалгын газар болон цэвэр ус ашигладаг авто угаалгын газраас зарим зүйлийг тодруулсан юм. Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Авто спа” угаалгын газар нь машин угаалгадаа саарал ус ашиглаад таван жилийн нүүрийг үзжээ. Тухайн авто угаалгын газар нь “Соёл Велнесс” төвийг түшиглэн байгуулагдсан бөгөөд тэд тус газраас гарч буй бохир усыг тусгай технологи ашиглан цэвэршүүлж, саарал ус болгон авто угаалгынхаа үйлчилгээнд ашигладаг байна. Тодруулбал, “Авто спа” угаалгын газар нь “Соёл велнесс” төвийн зургаан пүүл бассейнаас гарч буй хаялганы усыг 24 тонны саванд нөөцөлж аваад, тусгай тоног төхөөрөмж ашиглан цэвэршүүлж, саарал ус болгон, авто угаалгадаа ашигладаг байна. 

2040 он гэхэд Монголын хүн ам өсөж, усны хэрэглээ гурав дахин нэмэгдэх тооцоо гарсан талаар доктор Д.Баасандорж хэлж байгаа юм. Тодруулбал 2040 он гэхэд усны хэрэглээ 658 мянган метр.куб болж гурав дахин өсөх бөгөөд одоо байгаа нөөц нь 280 мянган метр.куб усны нөөцтэй тул дээрх хэрэглээний 50 хувийг одоо байгаа нөөцөөсөө, үлдсэн хувийг туул голын эхэнд гадаргйн усыг тогтоох усан байгууламж барьж хангах бол 25 хувийг машин угаалга, ногоон байгууламж зэрэгт саарал ус ашиглах төлөвлөгөө гаргасан гэв.

Ийнхүү дүгнээд хэлэхэд саарал ус ашиглах зайлшгүй шаардлага хаяанд тулж ирсэн. Одоохондоо иргэд хар ус харамлаад яах вэ гэж болох ч ирээдүй хойчоо бодож, цэвэр усны нөөцөө алт эрдэнэ мэт нандигнаж байхгүй бол усаа гадны орноос худалдаж авдаг болох нөхцөл тудж иржээ. Иймд иргэд дор бүрнээ нэгийг бодож, хоёрыг тунгаан цэвэр усандаа хэмнэлттэй байж, саарал ус ашиглах технологийг өдөр тутмын амьдралдаа бий болгох шаардлагатай байна.