Б.Жаргал: Тагнуулын дарга Б.Хурцын өс хонзонгийн сэдэлтэй татварын гэх хэрэгт хэлмэгдэн 151 хоног хоригдож ажил, амьдрал нэр төрөөрөө хохирсон /ВИДЕО/

Б.Жаргал: Тагнуулын дарга Б.Хурцын өс хонзонгийн сэдэлтэй татварын гэх хэрэгт хэлмэгдэн 151 хоног хоригдож ажил, амьдрал нэр төрөөрөө хохирсон /ВИДЕО/

“Татварынхны” гэх дуулиант хэргийн гол эзэн болох Д.Энхбат “Би Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас болж ажил, амьдралаараа хохирсон” гэх мэдээллийг хэвлэлд болон 2017 онд Төрийн ордонд болсон нээлттэй сонсголын үеэр ярьж байв.

Тодруулбал, тэрбээр “Баянгол дүүргийн Татварын ерөнхий хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Б.Хурцын эхнэрийн Сарнайх салонд 70 гаруй сая төгрөгийн татварын акт тавьсан. Үүнээсээ болж Б.Хурцын "зуултад" орж, хууль хяналтын байгууллагаар шалгуулан ял шийтгэл авч байсан” хэмээн ярьсан юм. Уг хэрэгт тухайн үед /2013 он/ Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Жаргал гэх эмэгтэй буруутгагдаж, 151 хоног хоригдсоны эцэст дээд шүүхээс торгуулийн ялаар шийтгэгдсэн байдаг. Тэгвэл бид яг энэ үед юу болсон талаар Б.Жаргалтай ярилцлаа.

ВИДЕО: 

-НАМАЙГ ШОРОНД ХОРИГДОЖ БАЙХАД АХ МИНЬ ЦУС ХАРВАЖ НАС БАРСАН-

Тэрбээр “2013 онд би Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. Улмаар 2013 оны зургаадугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Д.Энхбат гэх хүнийг хүн амын орлогын албан татвар төлөөгүй, нуун дарагдуулсан гэх дүгнэлт гарсан байдаг. Хуулийн байгууллагын дүгнэлт гарсан тохиолдолд эдийн засгийн шинжээч ажилладаг.

Энэ дагуу 2013 оны зургаадугаар 17-ны өдөр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч томилсон тогтоол гарч, би шинжээчээр оролцож 2013 оны наймдугаар сарын 21-нд 164 тоот дүгнэлтийг гаргасан. Ингэхдээ би “Д.Энхбат нь 15.4 сая төгрөгийн хүн амын орлогын албан татвар төлөөгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Энэ дүгнэлтийг Авлигатай тэмцэх газрын комиссор Золжаргал шалгасан. Тэр надаас дүгнэлт аваад гарахдаа “Өө хоёрхон сая төгрөг дутчихлаа” гэж уурлаж байсан. Хожим бодоход 17 сая төгрөгийн татварын өртэй гэсэн дүгнэлтийг би гаргасан бол Д.Энхбатад Эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой байсан юм билээ. Ингээд есдүгээр сарын 23-нд Авлигатай тэмцэх газрын комиссор Ууганбаяр манай өрөөнд ирж нэгжлэг хийж, орой нь намайг Хорих 461 дүгээр ангид хорьсон. Тэнд 72 цаг хориод шууд Дарханы хорих анги руу шилжүүлсэн. Намайг анх хорихдоо шинжээчийн дүгнэлтийг санаатайгаар худал гаргасан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан. Харин Дархан руу аваачихдаа Эрүүгийн хуулийн 68 дугаар зүйл ангиар онц их хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр онц хүнд гэмт хэрэгт нэмж яллагдагчаар татсан. Ингээд хоёр сарын турш шалгасны эцэст авлигал аваагүйг тогтоосон юм шиг байгаа юм. Учир нь 2013 оны арваннэгдүгээр 29-нд зүйл ангийг бууруулж хүнд гэмт хэрэг болгож шалгаж эхэлсэн. Анхан шатны шүүхээс, Эрүүгийн хуулийн 270.2 дүгээр заалтаар хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгөтэй болсон гэж ялласан. Дараа нь намайг нийслэлийн шүүхээс цагаатгасан ч тухайн үед ерөнхий прокуророор ажиллаж байсан Дорлигжав гомдол бичиж өгснөөр Дээд шүүх хэлэлцэж, хүндэвтэр гэмт хэрэг болгож Эрүүгийн хуулийн  254.2 дүгээр заалтаар санаатайгаар худал дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр торгох ялаар шийтгэснээр энэ бүхнээс би салсан. Гэхдээ энэ хүртэл би 151 хоног хоригдсон. Тиймээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох шийдвэрийг Дээд шүүхээс гаргаж, хоригдсон хугацаанд минь дүйцүүлж тооцсон. Би төрд 28 жил ажилласан байсан. Энэ бүх үйл явдлын дараа би ажлаасаа гарсан. Хамгийн харамсалтай нь намайг шоронд хоригдож байхад төрсөн ах минь цус харваж нас барсан. Би шоронгоос гарч ирээд л мэдсэн. Манай гэрийнхэн надад мэдэгдээгүй байсан юм билээ” гэсэн.

-ШОРОНД ХОРИГДОЖ БАЙСАН ХҮНЭЭР МИНИЙ ГАРГАСАН ДҮГНЭЛТИЙН ЭСРЭГ ДҮГНЭЛТ ГАРГУУЛСАНД ГАЙХДАГ -

Түүнийг тус хэрэгт ийнхүү холбогдуулан шалгах болсон нь хоёр шалтгаантай байсан гэдгийг тэрбээр ярьсан юм. Энэ талаар Б.Жаргал ярихдаа “Хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Д.Энхбат нь Б.Хурцын эхнэрийн Сарнайх салонд татварын өртэй гэх үндэслэлээр татварын акт тавьж байсан. Үүнээс үүдэн энэ хоёр хүн өс хонзонтой. Тухайн үед Б.Хурц нь Авлигатай тэмцэх газрын дэд даргаар ажиллаж байсан. Тийм учраас биднийг Авлигатай тэмцэх газраас шалгаж ийнхүү хорьсон юм. Миний тухайд Д.Энхбат гэдэг хүний сургийг сонсоо ч үгүй, мэдэх ч үгүй байсан. Хоёрдугаарт, Авлигатай тэмцэх газрын комиссор Золжаргал нь надаас дүгнэлт аваад гарахдаа “Хоёр сая төгрөг дутчихлаа” хэмээн ярьсан гэж би дээр хэлсэн шүү дээ. Хэрвээ би 15 биш 17 сая төгрөгийн татварын зөрчил гаргасан гэх дүгнэлтийг гаргасан бол Д.Энхбатад Эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой болох байсан юм билээ. Бас би хоригдохгүй  байх боломжтой байсан байх. Гэхдээ би нотлох баримтын хүрээнд хуулийн дагуу дүгнэлтээ гаргасан. Манай салбарын хууль, дүрэмд “шинжээчийн дүгнэлт нь буруу гэж үзсэн бол дахин шинжээч томилох, байцаах, нотлох баримтыг үзэж шалгах ёстой” гэсэн агуулгууд бий. Гэтэл хамгийн ноцтой нь гурван шатны шүүхийн хугацаанд надаас миний гаргасан дүгнэлтийн талаар асуугаагүй. Би үүнийгээ нотлох гээд байхад хүлээж аваагүй. Сүүлд миний дүгнэлтийг үнэн, зөв эсэхээр Цэвэр агаар сангийн хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт нэр холбогдон хоригдож байсан Б.Алтантуяа гэх шинжээч дүгнэлт гаргасан. Хамгийн ноцтой нь Б.Алтантуяа  нь шоронд хоригдож байхдаа миний гаргасан дүгнэлтэд дээр дүгнэлт гаргасан байсан. Тэр хүн Б.Хурцын эрхшээлд байхдаа албадлагаар дүгнэлт гаргаж, өөрийнхөө ялыг багасгасан байх магадлалтай гэж би харж байгаа. Шоронд хоригдож байсан хүн яахаар дүгнэлт гаргадаг юм. Би үнэхээр гайхдаг. Б.Алтантуяагаар миний гаргасан дүгнэлтийг үгүйсгүүлж "Д.Энхбат нь 15 биш 50 саяын зөрчил гаргасан байна" дүгнэлтийг гаргуулсан. Миний эрх шоронд маш их зөрчигдөж, намайг эрүүдэн шүүсэн. Үүнээс үүдэн амиа хорлох талаар ч бодож байлаа. Эцэст нь зүрх өвддөг болж, сахарын өвчинтэй болж. Шоронгоос гарснаас хойш гурван жилийн хугацаанд маш хүнд байж байгаад 2017 онд Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргаж үүний дагуу холбогдох газрууд шалгаж байгаа учраас арай тайвширч, итгэл найдвар тээсээр одоог хүртэл хариу хүлээж байна. Миний нэр төрийг сэргээх ёстой” гэсэн юм.