Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулна

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулна

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах талаар ярьж хэлэлцжээ.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Монгол Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Сүүлийн жилүүдэд автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь Нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулах болсон. Улмаар нүүрс яндангийн дамын наймааны төлөөсөнд олон мянган хүн, машин техник өмч хөрөнгөөрөө, төв суурин газрын олон зуун иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа” хэмээн онцолж байлаа.

Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд сүүлийн дөрвөн жилийн байдлаар автомашины зөөлөн яндан алдагдсан дуудлага, мэдээлэл 892 бүртгэгдсэн бол Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд жилд ойролцоогоор улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, автомашины нүүрсэн яндан болон нүүрсэн яндангийн хаягдлыг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах замаар эрэлтийг хязгаарлаж, гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүд болон агаар орчны бохирдол үүсгэгч томоохон эх үүсвэр болсон автомашинаас ялгарч буй утааг бууруулах боломжийг бүрдүүлэх юм гэж төсөл санаачлагчид үзжээ. “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжжээ.




Өнөөдөр хулгана өдөр

38 минутын өмнө