Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор шүүгч нарт хариуцлага хүлээлгэж магадгүй

Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор шүүгч нарт хариуцлага хүлээлгэж магадгүй

Засгийн газрын өчигдрийн /2024.04.10/ ээлжит хуралдаанаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонсож байсан Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх ажлын хэсэг байгуулсан. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоо энэ талаар мэдээлэх үеэрээ "Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд "Хүнийг хууль бусаар хохироосон мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Тиймээс уг асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ" гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагын ямар албан тушаалтнууд хариуцлага хүлээх вэ гэдэг нь анхаарал татаж байна. 

-"ХЭРЭГ ТУЛГАСАН" ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ШҮҮГЧ НАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ-

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын хүмүүсийг гэм буруутайд тооцож, ял оноож байв. Харин тус хэргийг шүүсэн шүүгч нарт ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байдаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн үеэр "Т.Чимгээ Б.Содномдаржаа нар үнэхээр С.Зориг агсны амь насыг бүрэлгээгүй бол яагаад гурван шатны шүүхээр алсан гэж үзэв гэдэг нь өөрөө маш том хэмжээний логик бөгөөд хүний эрхийн асуудал. Хэний захиалгаар, хэнд ашигтай учраас энэ хоёр хүний алсан гэж хуулийн байгууллагууд бүхэлдээ үзээд гурван шатны шүүхийн шийдвэр гарав" хэмээсэн байдаг. Мөн уг хэргийг Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, шүүгч Ч.Хосбаяр, шүүгч Б.Цогт, Б.Батцэрэн нар шүүж, Т.Чимгээ Б.Содномдаржаа нарт 20 жилийн хорих ял оноосон гэдгийг тодотгосон. 

Тэгвэл эдгээрээс үзэхэд Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор шүүгч нарт хариуцлага тооцох асуудал хөндөгдөж магадгүй байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүй 6. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэж заажээ.

Гэхдээ шүүгч нар шийдсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээж байсан тохиолдол цөөн. Хэрэв "Хонгилын шүүгч" хэмээн нэрлэгдэх болсон дээрх шүүгч нарыг С.Зоригийн хэргийг ямар нэгэн байдлаар алдаатай, буруу шүүж, Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт хорих ял оноосноос тэдний эрх зөрчигдсөн гэдэг нь тогтоогдвол хариуцлага хүлээх нь тодорхой. Гэхдээ үүнийг нотолж, шүүх эцсийн байдлаар гэм буруутайг нь тогтоох учиртай юм. Ямартай ч сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаж, нийгмийн сэдэв болоод буй С.Зориг агсны хэрэг, Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал удахгүй хөндөгдөх бололтой.