ФОТО: АН-ын “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” 9+90+900-Эрчимт хөгжлийн төлөвлөгөөг ҮБХ-ы хурлаар эцэслэн баталлаа

ФОТО: АН-ын “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” 9+90+900-Эрчимт хөгжлийн төлөвлөгөөг ҮБХ-ы хурлаар эцэслэн баталлаа

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт гишүүд дэмжигчдийнхээ саналыг авах “Бүтэн Ардчилал” үндэсний  аяныг амжилттай өрнүүлсэн билээ. Бүтэн хоёр сарын турш зохион байгуулсан уг аяны хүрээнд намын гишүүд, дэмжигчдээс гадна, салбарын судлаачид, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн. Ийнхүү эх орны өнцөг булан бүрээс олон мянган хүний саналыг авч нэгтгэн боловсруулсан мөрийн хөтөлбөрийг өнөөдөр ҮБХ-ы хурлаар хэлэлцэн баталлаа.  

АН-ын дарга Лу.Гантөмөр, “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр  бол амлалт биш, ажлын төлөвлөгөө юм. “Бүтэн Монгол” төлөвлөгөө маань 9 бүлэгтэй. Заавал хийх 9 зорилттой. Заавал хийж, үр дүнд нь Монгол улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжилтэй болох 9 зорилт юм шүү .Манай хөтөлбөр зогссон хөгжил, царцсан амьдралаа сэргээж, цөхөрсөн олноо сэрээж, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэх, заавал хийх 90 ажилтай. Нэг бүрчлэн задраад, ажил болох тов тодорхой 900 гаргалгаатай. Ийм учраас бид энэ сонгуульд стратегийн 9 заалт, 9 бүлэг бүхий “Эрчимт хөгжлийн 9:90:900 хөтөлбөр”-өө дэвшүүлж байна” гэж онцолсон юм.

АН-ын Улс төрийн зөвлөлөөр сайшаагдаж, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаар санал нэгтэй дэмжигдсэн “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” 9+90+900 -Эрчимт хөгжлийн төлөвлөгөөг маргааш Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгөх юм. 25,000 км зам туулан Монгол орноо бүтэн тойрч, нийт  79 мянган гишүүнийхээ саналыг тусгасан мөрийн хөтөлбөрийг ийнхүү хуулийн дагуу холбогдох байгууллагад өргөн барихад бэлэн боллоо.

Түүнчлэн 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас АН-ын мөрийн хөтөлбөрт саналаа тусгуулж чадлаа. Ийнхүү Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” болон бэлэн боллоо. Энэ нь  олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан ажил хэрэгч саналуудыг тусгагдсанаар илэрч буй юм.