Д.Тогтохсүрэн: Энэ удаагийн сонгуульд МАН дангаараа оролцох шийдвэрийг гаргасан

Д.Тогтохсүрэн: Энэ удаагийн сонгуульд МАН дангаараа оролцох шийдвэрийг гаргасан

МАН-ын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2024.03.23/ Тусгаар тогтнолын ордонд болж дууслаа. Энэхүү хурлаар МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө эцэслэн гаргаж буй. Учир нь улс төрийн намууд сонгуулийн мөрөө хөтөлбөрөө энэ сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулах ёстой. 

Бага хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Нэгдүгээр сарын 1-нээс хойш нам дээр ажлын хэсэг гараад олон нийтийн санал болон гишүүдийнхээ саналыг авч мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Энэ мөрийн хөтөлбөрөө өнөөдөр бага хурлаараа хэлэлцэж эцсийн байдлаар шийдлээ. Манай нам эрх баригч нам учраас өнөөдрийн нөхцөл байдалд тулгуурлан хэрэгжих бололмжтой, бүх л салбаруудыг хамарсан, нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудаа тэргүүлэх зорилт болгосон мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байгаа. Аудитын байгууллагаар дүгнэлт гарсны дараа бид нарийн тоо баримт ярих ёстой.

Мөн МАН энэ удаагийнхаа сонгуульд дангаараа оролцоно гэсэн шийдвэрийг гаргалаа.

Түүнчлэн 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх журмаа баталсан. Гурван зүйлийг үндэслэж сонгуульд нэр дэшүүлнэ. Нэгдүгээрт, намын дүрэм болон ёс зүйн дүрмийн шаардлага хангаж байгаа эсэх, хоёрдугаарт, намын анхан болон дунд шатны байгууллагуудаас санал авна. Гуравдугаарт, олон нийтийн дунд судалгаа хийж нэр дэвшилтийн асуудлаа шийднэ. Мөн авлига алба тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татсан бол нэр дэвшүлэхгүй. Бусад гэмт хэрэгт шүүхийн эцсийн шийдвэр гарсан бол нэр дэвшүүлэхгүй гэж заасан байгаа" гэлээ.