ТОДРУУЛГА: УИХ-ын дөрвөн гишүүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

ТОДРУУЛГА: УИХ-ын дөрвөн гишүүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах тухай хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос парламентад оруулсан ч журмын нөхөд нь тэднийг авч үлдэхээр шийдвэрлэсэн билээ. 

Тэгвэл яллагдагчаар татагдсан дөрвөн гишүүнд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү шижлүүлэхээр болсон талаарх мэдээлэл гараад байна. Энэ талаар УПЕГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Мөрдөх байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлээгүй байна" гэлээ. 

Ташрамд өгүүлэхэд, дээрх гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй.

22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.