Лю Жинжэн: БНХАУ-ын “Синофарм” компани удахгүй 3-17 насныханд зориулсан вакцины туршилтаа эхлүүлнэ

Лю Жинжэн: БНХАУ-ын “Синофарм” компани удахгүй 3-17 насныханд зориулсан вакцины туршилтаа эхлүүлнэ

БНХАУ-ын Төрийн хэвлэл болох “Zhongguo Jijian Jiancha Bao” сонинд вакцин үйлдвэрлэгч “Синофарм” компанийн гүйцэтгэх захирал Лю Жинжэнтэй хийсэн ярилцлага нийтлэгджээ. 

Уг ярилцлагаас онцлох хэсгүүдийг түүвэрлэн хүргэж байна. Манай улс “Синофарм” үйлдвэрийн “Вероселл” вакцинаар хүн амаа дархлаажуулж байгаа билээ. 

-Вакцин хийлгэж буй хүмүүс юуг анхаарах вэ?

-Лю Жинжэн: Вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр зөвшөөрсөн хүмүүст хийх ёстой. Хүлээн авагч эрүүл мэндийн байдлаа эмнэлгийн ажилтанд үнэн зөвөөр тайлагнана. Өмнөх туршлагаас харахад сөрөг хариу урвал тарилга хийснээс хойш 30 минутын дараа гарах магадлал өндөр байна. Тиймээс  вакцин хийсний дараа 30 минут ажиглалтад байх хэрэгтэй.  

-Тэргүүлэх бүлгийн вакцинжуулалтыг 18-59 насныханд хийж байна. Бусад насны бүлгийн хүмүүс вакцинд хамрагдах уу, хэзээ хамрагдах вэ?

-Лю Жинжэн: Вакцины одоогийн заалтаар 18-аас дээш насныханд хийнэ. Тэгэхээр 3-17 нас ороогүй гэсэн үг. Учир нь эмнэлзүйн туршилтыг 18-59 насны бүлэгт, дараа нь 60-аас дээш насныханд голлон хийсэн. Одоо бид 3-17 насныхныг туршилтад хамруулахаар ажиллаж байна. Энэ насны бүлэг дотроо дахин 12-17, 5-12, 3-5 нас гэсэн 3 дэд бүлэгт хуваагдана. Уг насны хүүхдүүдэд зориулсан вакцин лабораторийн түвшинд бэлэн болсон, удахгүй туршилт эхэлнэ. Ирээдүйд гарах вакцинд бүх насныхныг хамруулахаар төлөвлөж байна. 

-Вакцин хүнийг хэр удаан хамгаалах вэ?

-Лю Жинжэн: Эсрэг биетийн хэмжээ I, II, III үе шатны эмнэлзүйн туршилтаар ажиглагдсан. I ба II үе шатны клиник туршилтуудаас харахад вакцин хийсний дараа 6 сарын хугацаанд эсрэг бие өндөр түвшинд байгааг харуулж байна. Вакцины туршилтыг Арабын Эмират, Египет, Бахрейн, Йордан, Перу, Аргентин, Марокко гэсэн 7 улсад явуулсан. Туршилтын үр дүн нааштай гарч вакциныг БНХАУ-д өнгөрсөн 12-р сард бүртгэн авсан. Клиник туршилтууд үргэлжилсээр байгаа бөгөөд бид эсрэг биеийн тэсвэрлэх чадварыг ажигласаар байх болно.

-Мутацилагдсан шинэ коронавирусийн омгийн тохиолдол саяхан Шанхай, Гуандун, Шандунд бүртгэгдсэн. Синофарм вакцины мутацийн эсрэг үйлчлэл хэр вэ? 

-Лю Жинжэн: "Синофарм" Covid-19 идэвхигүйжүүлсэн вакциныг нэвтрүүлэхээс өмнө бид дэлхийн өнцөг булан бүрд илэрсэн коронавирусийн шинэ омгийг саармагжуулах туршилтыг хийж байсан.  Туршилтын үр дүнд манай вакцин  өргөн хүрээний хамгаалалт үүсгэж байсан бөгөөд дэлхийн янз бүрийн бүс нутагт илэрсэн омгуудыг саармагжуулах нөлөөтэй нь харагдаж байсан. Вакцины III үе шатны клиник  туршилт нь Арабын Нэгдсэн Эмират улсад хийгдсэн. Туршилтад дэлхийн 125 орны 50,000 орчим сайн дурынхан хамрагдсан. Энэ нь судалгааны өгөгдөл өргөн хүрээнд байгааг харуулж байна. Цаашид бид мутацийн туршилт, судалгааг эрчимжлүүлэх болно. 

Эх сурвалж: Sinopharm