АНУ: А.Навальный нас барвал гарах үр дагаврыг Кремль “хүртэх” болно

АНУ: А.Навальный нас барвал гарах үр дагаврыг Кремль “хүртэх” болно

Бямба гарагт /2021.04.17/ ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол “хэдхэн хоногийн дотор үхэх аюулд байгааг” эмч нар нь мэдэгдсэн билээ. Тэгвэл АНУ, Их Британи, Франц, Герман, Европын Холбоо түүний эрүүл мэндийн асуудалд санаа зовж буйгаа илэрхийлж, Кремльд анхааруулга өгч эхэллээ.

Тодруулбал, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан "Ноён Навальный нас барвал гарах үр дагаврыг Кремль “хүртэж”, Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хариуцлага хүлээнэ" гэж хэлсэн бол Ерөнхийлөгч Жо Байден А.Навальныйд "туйлын шударга бус” хандаж буйг шүүмжилжээ. 

Европын холбооны тэргүүн тэргүүн дипломатч Хосеп Боррелл “ЕХ-ны зүгээс түүнд маш их санаа зовниж байгааг илэрхийлж, шоронгийн удирдлагуудыг эмнэлгийн багт яаралтай нэвтрэх эрх олгохыг” уриалав. Европын холбооны удирдагчид өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцах төлөвтэй байна.

Түүнчлэн Их Британийн Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ "Ноён Навальный эмнэлгийн тусламжийг нэн даруй авах ёстой. Бид түүнийг улс төрийн хилс хэргээс нэн даруй суллахыг уриалж байна" гэжээ. 

Эдгээр мэдэгдэлтэй зэрэгцэн Навальныйгийн Орос дахь дэмжигчид орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлжээ. Мөн олон улсын жагсагчид шоронгийн гадна цуглаж, түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхийг шаардаж байна. 

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальный өнгөрсөн оны наймдугаар сард Зөвлөлтийн үеийн “новичок”-оор хордож, үхлүүт байдалтай Германд эмчлүүлэхээр явсан юм. Улмаар нэгдүгээр сард эх орондоо ирсэн ч авилгын хэрэгтэй холбоотойгоор түүнд хоёр жилийн хорих ял оноосон. 

Гуравдугаар сарын 31-ний өдөр тэрбээр шоронд өөрт нь зохих ёсны эмчилгээ хийхгүй байгааг эсэргүүцэж, өлсгөлөн зарласан юм. Үүнээс хойш түүний биеийн байдал муудаж, “бөөрний дутагдалд орж, хэзээ ч зүрхний шигдээс болж болзошгүйг” эмч нар нь хэлж байна.

Өдгөө 44 настай А.Навальный өөрийг нь хордуулах захиалга өгсөн хүн бол Ерөнхийлөгч В.Путин гэж мэдэгдэж буй. Харин Кремлиэс үүнийг үгүйсгэсэн байр суурьтай байна. Гэсэн ч АНУ-ын тагнуулын албаныхан хордлогын ард ОХУ-ын засгийн газар байгаа гэж дүгнэж байгаа юм. Байдены засаг захиргаанаас Оросын өндөр албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авахад А.Навальныйгийн хэрэг ч нөлөөлсөн хэмээн улс төр судлаачид дүгнэж байна. 

Эх сурвалж: BBC