Халдлага үйлдсэн "Исламын улс бүлэглэл"-ийн дөрвөн хүнийг эрэн хайж байгаа ба тэдний зорчиж явсан автомашиныг зогсоолоо гэж мэдээлжээ

2024-03-23 17:25

"Террорист халдлагад шууд оролцсон дөрвөн хүнийг оролцуулаад нийт 11 хүнийг саатуулаад байна" гэж ОХУ-ын тал мэдэгджээ

ОХУ-ын “Крокус Сити Холл” концертын танхимд болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүс 93-д хүрсэн ба амь үрэгдэгсдийн тоо цаашид ч нэмэгдэнэ гэж BBC агентлаг мэдээлжээ.  Харин энэхүү халдлагад шууд оролцсон бүх хүмүүсийг оролцуулаад 11 хүнийг саатуулсан талаар ОХУ-ын тал мэдэгдсэн байна.

Тодруулбал, ОХУ-ын тусгай албаны дарга А.Бортников “Крокус Сити Холл”-д болсон террорист халдлагад шууд холбоотой 11 хүнийг, түүний дотор дөрвөн халдагчийг саатуулсан талаар Ерөнхийлөгч В.Путинд мэдэгдсэн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Харин хэргийн газрын концертын танхимд хийх шалгалт үргэлжилж байгаа бөгөөд онцгой байдлынхан нурангийг цэвэрлэж байгаа бол мөн хяналтын камерын бичлэгийг судалж байна гэж ОХУ-ын тал мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC

 

2024-03-23 14:14

Халдлага үйлдсэн "Исламын улс бүлэглэл"-ийн дөрвөн хүнийг эрэн хайж байгаа ба тэдний зорчиж явсан автомашиныг зогсоолоо гэж мэдээлжээ

Москва хотын “Крокус Сити Холл” концертын танхим руу террористууд зэвсэглэн халдага үйлдсэний улмаас оросын 60 гаруй энгийн иргэн амиа алдаж, 140 гаруй иргэд шархдаад байна. Амиа алдсан иргэдийн дотор гурав нь хүүхэд байсан талаар Оросын албан хүмүүс мэдээлжээ. 

Тэгвэл хэргийн газраас зугтсан “өнгөлөн далдалсан хувцастай дөрвөн эрэгтэйг” оросын хууль сахиулах байгууллагууд эрэн сурвалжилж байгаа талаар дараа BBC агентлаг мэдээлсэн байна.

Мөн ОХУ-ын төрийн агентлаг РИА Новости мэдээллийн агентлаг "алан хядагчдын зорчиж явсан байж болзошгүй Renault Symbol маркийн автомашиныг Брянск мужид зогсоосон гэх гэрэл зургийг нийтэлжээ. Харин тус автомашины сүүлчийн эзэн болох 24 настай залуу "машинаа долоо хоногийн өмнө эхнэрийнхээ дүүд зарсан" гэжээ. Мөн Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр анх хар өнгөтэй байсан тус автомашиныг дахин будсан болохыг тогтоосон гэжээ. Тэгвэл одоогоор Оросын эрх баригчид энэ асуудалд ямар нэг албан ёсны тайлбар мэдээлэл хийгээгүй байна.

Эх сурвалж: BBC

2024-03-23 09:09

ВИДЕО: Москва хотын концертын төвд халдаж олон хүний амийг хөнөөгөөд буй "Исламын улс" бүлэглэл нь В.Путиныг шүүмжлэх болсон гэж мэдээлжээ

ОХУ-ын Москва хотод байрлах "Крокус" гэх концертын төвд Исламын улс гэх бүлэглэл террорист халдлага явуулсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 62 болж, шархдсан хүмүүсийн тоо 140 гаруй болоод байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. 

Москвад болсон тус террорист халдлагад сэжиглэгдэж буй таван эрийг Оросын аюулгүй байдлын алба хайж байгаа тухай мэдээлэл гарч байна. Мөн оросын мөрдөн байцаагчдын мэдээлснээр, тус этгээдүүд нь хүмүүсийг буудан гарч ирээд, өмнө нь бэлдсэн хувцсаа сольж өмсөөд алга болсон ба тэдний өнгөлөн далдлаж байсан хувцас шатан доороос олдсон гэжээ. 

Тэгвэл Исламын улс гэх бүлэглэл нь Афганистанд үйл ажиллагаа явуулж буй жихадист бүлгүүдийн хамгийн харгис бүлэглэл аж. Оргил үедээ тус бүлэг 3 мянга орчим хүнээс бүрдэж байсан ба одоогоор гишүүдийнх нь тоо тодорхойгүй байгаа. Харин 2023 оны намар ОХУ-ын Аюулгүй байдлын дарга А.Бортников хэлэхдээ, "тус бүлэглэл өөрийн чадавхыг нэмэгдүүлж байгаа бөгөөд цаг хугацаа өнгөрөх хэрээр Афганистанаас гадуур террорист халдлага үйлдэх боломжийг олгоно" гэж мэдэгдэж байжээ.

Мөн терроризмын эсрэг шинжээч Колин Кларк хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Исламын улс бүлэглэл нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Орос руу чиглэх болсон. Тэд ихэвчлэн Владимир Путиныг шүүмжлэх болсон. Учир нь Исламын улс бүлэглэл Афганистан, Чечен, Сирийн хэрэгт Москва хөндлөнгөөс оролцож, лалын шашинтнуудыг хөнөөсөн гэж буруутгах болсон" гэжээ. 

Эх сурвалж: BBC

2024-03-23 08:15

ВИДЕО: Москва хотын "Крокус" концертын төвд террорист халдлага 50 гаруй хүн амиа алдаж, 140 орчим хүн шархдаад байна

Орон нутгийн цагаар өчигдөр /2024.03.22/ орой ОХУ-ын Москва хотод байрлах "Крокус" гэх концертын төвийн танхимд арга хэмжээ эхлэх үеэр галт зэвсэгтэй таван этгээд халдага үйлдэж 50 гаруй хүн амиа алдаж, 140 орчим хүн шархдаад байгаа бол мөн "Crocus City Hall" гэх төв шатаж байгаа аж. 

Харин тус Москвад болсон энэхүү алан хядах ажиллагааг Исламын улс /ISIS/ бүлэглэлийн “Вилаят Хорасан” салбар нь явуулсан гэдгээ албан ёсоор зарласан байна. Мөн олон хоногийн өмнөөс АНУ-ын тагнуулын алба болох ОХУ-д суугаа барууны орнуудын элчин сайдын яамдууд Орост террорист халдлага болох аюулын талаар анхааруулж байсан юм. 

Эх сурвалж: Varlamov news

ВИДЕО: