ВИДЕО: "Хотын дарга солигдож Х.Нямбаатар болсон" гэх шалтгаанаар “Street food” ажиллуулдаг залуусын ажлыг хориглож, автомашиныг нь ачжээ

ВИДЕО: "Хотын дарга солигдож Х.Нямбаатар болсон" гэх шалтгаанаар “Street food” ажиллуулдаг залуусын ажлыг хориглож, автомашиныг нь ачжээ

Өнгөрсөн 2023 онд Улсын их дэлгүүрийн чанх урд талд  буюу иргэдийн нэрлэж заншсанаар “фантом”-д гудамжны хоолны соёлыг монгол улсад түгээн дэлгэрүүлэхээр явуулын хоолны машинууд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар хүүхэд залуус болон жуулчид өргөнөөр үйлчлүүлэх болж, түргэн хоолны машинууд хүний хөлд дарагдаад байсан билээ. Мөн бид тухайн үед энэ талаар эерэг сурвалжилга бэлтгэн хүргэж байв. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сард зөвшөөрөгдсөн хугацаандаа буюу дөрөвдүгээр сарын 15-аас аравдугаар сарын 15 хүртэл “Street food” ажилдуулдаг залуус үйл ажиллагаагаа эхлүүлэхээр холбогдох байгууллагуудад шаардлагатай материалаа өгсөн ч энэ онд тус үйл ажиллагааг хотын төвд явуулах боломжгүй гэх тайлбарыг өгч, түргэн хоолны машиныг нь хүчээр ачиж эхэлжээ.

ВИДЕО: 

Ингэхдээ Сүхбаатар дүүрэгт “Street food” ажиллуулах боломжгүй хэмээн “фантом”-д үйл түргэн хоол зарахыг дүүргээс хориглосон хэр нь “ZUU” гэх түргэн хоолны машинуудыг жилийн дөрвөн улиралд аль ч газар ажиллах эрхийг нээж үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлж буй аж. Түүнчлэн “Street food” ажиллуулахгүй гэх шалтгаанаа хувиараа бизнес эрхлэгчдэд тайлбарлахдаа “Хотын дарга солигдсон учир Д.Сумьяабазарын гаргасан хууль дүрэм хүчингүй болж гудамжинд хоол зарахыг хориглосон” гэжээ.

Энэ талаар гудамжний хоолны соёлын Монгол Улсад түгээн дэлгэрүүлхээр хувиараа бизнес эрхэлэгч:

Иргэн Б.Чинзориг

-Биднийг гудамжинд хоол зарж болно гэх хууль нь 2022 онд батлагдсан. Түүний дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлж 2023 онд Улсын их дэлгүүрийн урд талд үйл ажиллагаагаа явуулсан. Улмаар энэ жил дахин үйл ажиллагаа явуулах бүх шаардлагатай материалаа бүрдүүлж өгсөн. Мөн тавигдах шаардлагын дагуу бид эрүүл ахуй, цэвэр байдлыг ч ханган ажилладаг. Гэтэл энэ жил биднийг дахин гаргахгүй “Street food”-ийг ажиллуулахгүй гэсэн. Тэгэхээр нь бид заавал энэ газарт биш ямар ч байршилд байж болно  оо гээд худалдаа эрхлэх өөр газар гаргаж зааж өгөх хүсэлт тавьсан. Гэтэл  “Та нарыг хаана ч гаргахгүй” гэсэн. Энэ хорооны эсэргүүцэл үзүүлж буй иргэд мөн “бие засах газар ч байхгүй” гэж ярьж байна. Бид яг хажуу талд байрлах “Цагаан алт” гэх дэлгүүрт сард 200 мянган төгрөг  өгч нойлын бүх асуудлаа шийдвэрлэдэг. Мөн хоол, хүнсэнд хэрэглэж буй усаа “Эко цэвэр ус” компаниас авч хэрэглэдэг байсан.

2023.03.30 Б.Нарангэрэлийн явуулын хоолны газар

Хамгийн гол бид яагаад ингэж их бухимдаж байна вэ гэвэл Улаанбаатар  хотод биднийг үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн боловч хотоор дүүрэн “ZUU” гэсэн нэртэй хоолны газрууд үйл ажиллагаа явуулж байна. Тэднийг яагаад хаахгүй байгааг лавлахаар “шаардах хуудас өгсөн. Удахгүй явна” гэдэг. Гэвч тус газар хотын их хүн төвлөрдөг 10 гаруй байршилд сар гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулсан хэвээрээ л байгаа.

Магадгүй энэ газар олон машин гаргаж зөвшөөрөл хамааралгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь ямар нэг том ар талтай байгаагийнх гэж бодож байна. Түрүү жил биднийг худалдаа эрхэлдэг байхад энэ газрууд байгаагүй. Биднийг хараад “Street food” ажиллуулбал боломжийн юм байна” гэдэг санаагаа авч олныг гаргаж тавиад бүр их мөнгө ольё гээд энгийн амьдрах гэж ядаж буй залуусаа шахаж байна гэж харж байгаа. Дүүрэг нь ч тэднийгээ дэмжиж бидэнд үгүй гэчхээд тэднийг ажиллуулсаар байна.

Мөн бидний машиныг ачиж, хөөхдөө тодорхой тайлбар хэлж, ямар ч албан ёсны бичиг баримт үзүүлэхгүй байгаа. ИХТ, Засаг дарга нартай нь уулзах гэхээр хэн нь ч хүлээж авдаггүй бас олддоггүй. Тиймээс л өнөөдөр арга барагдаж энд машинаа гаргаж тавьсан. Өглөө болмогц цагдаа ирж, хаанаас ч юм эсэргүүцэж буй настнууд ирж хөөгөөд, машин ачаад явчихлаа.

Мөн энэ гудамжаар “жуулчид их явдаг учир “Street food” байх нь буруу”  гэж хорооны иргэд ярьж байна л даа. Дэлхийн бүх жуулчид аялахаар очсон улс орныхоо “Street food”-ыг үзэх гэж очдог шүү дээ.

Томоохон төлөөлөл нь Япон, Солонгос, Хятад, Европ гээд байж л байна. Бас нэг муухай юм нь дүүрэгт хэд хэдэн удаа очихдоо угаасаа ажилуулахгүй гээд хөөгдөж гарсан. Тэгэхэд “оршин суугчдаас гомдол ирсэн. Мөн ойр хавьд үйлчилгээ явуулж буй байгууллагуудаас гомдол ирсэн” гэсэн. Гэвч энэ чинь бизнес шүү дээ. Эрх тэгш байх ёстой өрсөлдөөн биз дээ. Гэтэл яагаад нэг хүний бизнесийг дэмжихийн тулд нөгөөхийг нь үгүй хийж байгаа юм. Яагаад ийм өөдгүй, сэтгэлгүй байгааг гайхаж бас гомдож байна.

Иргэн Б.Нарангэрэл

-Энэ “ZUU” гэдэг нэртэй шар машинууд жилийн дөрвөн улиралд хүссэн газраа зогсож үйл ажиллагаа явуулдаг. Бидэнд өгч буй түргэн хоол худалдаалах зөвшөөрөл дөрөвдүгээр сарын 15-аас аравдугаар сарын 15 хүртэл хүчинтэй байдаг. Үүний дагуу түрүү жил бидэнд аравдугаар сарын 15-нд хорооноос мэдэгдэл ирсэн. Улмаар бид “заа ойлголоо” гээд хууль журмынхаа дагуу шууд үйл ажиллагаагаа зогсоож талбайгаа цэвэрлээд явсан. Гэтэл түүний дараа хүүхдийн “ZUU” гэсэн “Street food”  олноороо “жилийн дөрвөн улиралд бид үйл ажиллагаа явуулж, гудамжны хоолны соёлыг түгээнэ” гээд гараад ирсэн. Тухайн үед бид юм хэлээгүй, бодоогүй. Адилхан үйл ажиллагаа явуулж буй залуус байна л гэж бодсон. Манай машин ч гэсэн өвөл ажиллах боломжтой байдаг. Гэхдээ бид хууль дүрэмдээ захирагдаж хүлээсэн. Хавар болж манай үйлчлүүлэгчид хаана гарах талаар асууж эхэлсэн.

2023.03.30 Б.Нарангэрэлийн явуулын хоолны газар

Улмаар гуравдугаар сарын 28-нд “энэ жил хугацааны хувьд асуудалтай байгаа. Бид ямартай ч зөвшөөрлөө авч, хаана зогсох боломжтой тэр газарт нь очих болно. Одоогоор хаана зогсохоо мэдэхгүй байна. Та бүхэн түр хүлээгээрэй” гэж бичсэн. Гэтэл бидэнд зогсох газар ч гаргаж өгөхгүй гээд байдалтай өнөөдрийг хүрлээ.

Үнэхээр монголын нөхцөлд гудамжний хоол худалдаалж болохгүй байгаа бол хот даяар үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн 100-ын салбар гэх “ZUU” “Street food”-ийн үйл ажиллагааг адилхан зогсоох хэрэгтэй шүү дээ. Хэсэг залуучуудынх нь үйл ажиллагааг хүссэн үед нь хүссэн газарт нь явуулчихаад яагаад заримыг нь ингэж хааж боогоод байгаа юм гэдэг дээр би гомдож, гайхаж байгаа.

Ганцхан би биш надаас гадна маш олон хоолны машинтай залуус бий. Тэдний амьдрал, бизнесийг нэг хоёрхон хүний эрхээр хааж байгаа нь гомдолтой санагдаад Сүхбаатар дүүргийн Засаг даргатай уулзах гэж очсон ч өрөөндөө байдаггүй. Тиймээс өнөөдөр албаар машинаа гаргаж тавьсан. Улмаар хороон дарга болон цагдаа ирээд машиныг маань ачуулаад биднийг хөөж байгаа юм. Гэхдээ би үйл ажиллагаагаа явуулаагүй шүү дээ. Одоо машинаа хашаанаас очиж 500 мянган төгрөгөөр авна. Ганц уур хүрч байгаа юм нь тэр “ZUU” гэдэг газрын үйл ажиллагааг хүссэнээр нь явуулж байгаа нь байгаа юм. Яагаад тэр газар хотын 15 байршилд зүгээр үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Ямар ар талтай юм. Би энийг бол үнэхээр тэвчиж чадахгүй. Би тэмцэнэ. Болохгүй бол тэр “ZUU” гэсэн “Street food”-ийн хажууд очиж үйл ажиллагаа явуулна. Адилхан хамтад нь хөөгөөрэй гэж хэлмээр байна.

-Зөвшөөрлийн тухайд нийслэлээс шалгаан, нөхцөлөө тодруулж үзсэн үү. Ямар тайлбар өгсөн бэ?

-Тэр тухайд түрүү жил Д.Сумьяабазар дарга өөрөө энэ хуулийг санаачлан батлаад манай газрын үйл ажиллагаа явуулж  хүмүүс урт дараалалд зогсож буй зургийг дараад “миний баталсан хууль иргэдэд амжилттай үйлчилж, хэрэгжиж байгаад маш их баяртай байна” гэж өөрийн хаягтаа бичсэн байсан. Тэрийг хараад залуус хотын захиргаа маань биднийг дэмжиж байна. Ийм боломж бас байгаа юм байна гээд энэ салбарт орж ирэх болсон. Тиймээс энэ жил үйл ажиллагаа явуулахгүй гэхэд нь би дээрх хуулийг дурдахад “наад хууль чинь бидэнд хамаагүй. Тэр Д.Сумьяабазар дарга чинь буучихсан болохоор тэр хүний хууль хүчингүй болно” гэсэн.

Харин энэ талаар “Street food”-ийн үйл "фантом"-д явуулахыг эсэргүүцэж буй СБД-ийн 4 дүгээр хорооны иргэн:

-СБД-ийн 4 дүгээр хорооны Засаг дарга цагдаа дуудаад, цагдаа нар ирж, дээрх түргэн хоолны машиныг ачууллаа. Бидний хувьд цагдаа бол дуудаагүй. Зүгээр л энэ талбайд дахин түргэн хоолны машинууд гарч “Street food” ажиллуулахыг эсэргүүцсэн энэ хорооны оршин суугчид байгаа юм. Яагаад эсэргүүцэж байгаа вэ гэвэл манай улсад ирдэг жуулчид бараг бүгдээрээ алхаж өнгөрдөг Улсын их дэлгүүрийн урд талд байрлах энэ хэсэг газрыг задгай талбайгаар нь байлгамаар байна. Хотын өнгө үзэмж, оршин суугчдын тав тух талаасаа энд “Street food” байх нь буруу гэж харж байна. Жуулчдыг бас ийм хоол үнэртсэн гудмаар явуулмааргүй байна. Өнгөрсөн жилийн хувьд анх удаа үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ тус үйл ажиллагаа нь үнэхээр зохимжгүй байсан тул энэ жил уг газар дахин хоолны машин оруулмааргүй байгаа. Дээрээс нь эдгээр машинууд бие засаг газаргүй, гар угаах газаргүй шүү дээ. Зөвшөөрлийн тухай хуулиар дуртай газраа бизнес эрхэлж болно гэж байдаг ч хотын соёлд энэ нь нийцэхгүй гэж үзэж байна.