ФОТО: 2024 оны отгон чуулган нээлтээ хийлээ

ФОТО: 2024 оны отгон чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10 цаг 6 минутад гишүүдийн 55.0 хувийн ирцтэйгээр эхлэв.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнууд, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын болон нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд цахимаар уригдан оролцлоо.

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ чуулган 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган болно. Тэр ч утгаараа ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд, энэ парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган байх ёстойг тэмдэглэсэн. Мөн энэ удаагийн парламент ачааны хүндийг үүрч, эрс шинэчлэлийн баганыг тулж, элдэв гажуудлыг засахыг эрмэлзэж, парламентын засаглалын суурийг ганхуулалгүй, нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Олон жил гацсан, нийгмийн суурь гажуудлыг үүсгэгч, тогтолцоо засаглалын хямралт байдлыг бид зөвлөлдөн зөвшилцөх замаар засаж залруулж чадлаа. Чадлаа гэх энэ үгэн дотор Монгол Улсын олон суурь асуудлууд гацаанаас гарсныг хожим түүх үнэлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс цэгцрэн тэгшрэх, сэргэн мандах эргэлтийн цаг үеийн босгон дээр  найм дахь удаагийн парламент үйл ажиллагаагаа явуулж байна. Бид “Шинэчлэлийн” парламент байхыг зорилгоо болгож, сэрж сэхээрсэн ард олны Цэгцрэх хөдөлгөөн, Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн Засгийн газартайгаа нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентыг илэрхийлэх нэг онцлог гэдгийг УИХ-ын дарга онцлон тэмдэглэсэн. Шударга бус, ёс зүйгүй байдал, хууль завших үзэгдэл, гэмт үйлдлүүдэд олон нийтийн хяналтыг тогтооход чухал ач холбогдолтой Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ чуулганаар батлахад ажлын хэсэг шуурхайлах шаардлагатайг тэмдэглэлээ.