Ц.Ганболд: Тэжээсэн хотон шувуугаа эдгэрч тэнгэрт нисэхийг хараад огшиж бас сэтгэл тайвширсан

Ц.Ганболд: Тэжээсэн хотон шувуугаа эдгэрч тэнгэрт нисэхийг хараад огшиж бас сэтгэл тайвширсан

Цэвээнхүүгийн Ганболд хэмээх энэ эрхэм 2018 онд далавч, хүзүүндээ бууны шархтай үлдсэн хотон шувууг аварч, гэртээ өвөлжүүлэн хавар ижил сүрэгт нь нийлүүлжээ. Тэгвэл саяхан дахин нэг шархадсан хотон шувууг аварч, гэртээ тэжээж байна. Аварсан хотонгуудаа Азхүү, Азбаяр хэмээн нэрлэж.

Усны шувууг асарч, өвөлжүүлнэ гэдэг хэн хүний хийж чадах амар ажил биш. Дааруулахгүйн тулд өдөрт гэрийг нь гурван удаа галлана, усыг нь байнга солино, бас хооллож ундална, угааж цэвэрлэнэ. Нөр их хөдөлмөр, цаг хугацаа, тэвчээр шаардагдах ажил. Гэсэн ч аварсан шувууд нь далавч юугаан дэлгэж, цэнхэр тэнгэртээ дүүлэн нисэхийг харах мөч юу юунаас ч илүү Ц.Ганболд гуайд аз жаргал авчирдаг аж.

-ЧИ ХООЛ ИДЭЖ БАЙВАЛ ЧАМАЙГ ҮХҮҮЛЭХГҮЙ ГЭЖ
ХЭЛЭЭД ГЭРТЭЭ АВЧ ИРСЭН-

-Сайн байна уу. Таныг хоёр дахь жилдээ хотон шувуу тэжээж байгаа гэж сонссон. Та юуны өмнө бидэнд өөрийгөө танилцуулаач.

-Сайн байна уу. Намайг Цэвээнхүүгийн Ганболд гэдэг. Би биологич, экологич мэргэжилтэй. Төлөвлөгөөт эдийн засгийн үед Ан агнуурын газар анчин хийж байгаад Ховд их сургуулийн Биологийн тэнхимд амьтан судлалын лаборантаар арав гаруй жил ажилласан. Одоогоор хувиараа ажил эрхэлж байна. 

-Хотон шувуу бол усны шувуу шүү дээ. Гэрт тэжээдэг талаар ерөөсөө сонсож байсангүй. Та хэзээнээс, ямар шалтгаанаар хотон шувуу тэжээх болсон юм бэ?

-2018 онд анх Хар-Ус нуураас шархадсан хотон шувууг манай байгаль хамгаалагчид олж байсан юм. Дараа нь надтай холбогдож “Өвөлжүүлж өгөх, тэжээх боломж байна уу” гэж асуусан. Тэр саналыг хүлээн авч мал эмнэлэг дээр очиход далавч, хүзүү, хэвлий хэсэгтээ сумны шархтай, хөл нь доголсон нэлээн хүнд байдалтай болчихсон байсан. Амьтны нүдийг нь харахад л ямар байгаа нь шууд мэдэгддэг. Тэр хотонгийн нүднээс нэлээн зовсон нь харагдсан. Тэгээд би “юун түрүүнд шувууг тэжээх тав тухтай орчинг бэлдсэнийхээ дараа авъя” гэж тэдэнд хэлсэн юм. Энэ хооронд шувуу маань Хар-Ус нуурын цогцолбор газрын хамгаалалтын байранд гурав хоносон. Би эргэж очихдоо загас аваачиж өгөхөд их дуртай идсэн. Тэгээд л “Ямартай ч чи хоол идэж байвал би чамайг үхүүлэхгүй. Гэртээ өвөлжүүлж ижил сүрэгт чинь тавья” гэж хэлээд бэлдсэн байрандаа авч ирж өвөлжүүлсэн түүхтэй.

-Өөрийнхөө гэрт шууд аваад ирсэн юм уу?

-Манай хашаанд ээжийн маань илүү гэр байдаг юм. Ээжээсээ зөвшөөрөл авах гээд асуухад “Тэг ээ, миний хүү. Зовсон амьтанд туслалгүй яах вэ” гэсэн. Тэгээд л ээжийнхээ гэрийг янзалж, зуух тавиад гал түлсний дараа шувуугаа авч ирсэн. Малын эмч үзлэгт оруулахад нэлээн бөөстчихсөн байсан учраас угаалга, тариа хийж, эмчилж эхэлсэн. Их шархадсан ч азтай тохиолдлоор аврагдсан болохоор бид нар Азхүү гэдэг нэр өгсөн юм. Азхүү маань мал эмнэлгийн эмч нарын буянд их хурдан эдгэрсэн. Өвлийн дараа Хар-Ус нуурт нь ижил сүрэгт нь буцаан тавьсан даа.

-Одоо хоёр дахь хотон шувуугаа тэжээж байгаа бололтой?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-нд бас л манай байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүд маань олж надад авч ирсэн. “Нуур хөлдчихсөн учраас гэмтсэн шувуу хөлдөөд үхчихнэ. Та туршлагатай юм чинь дахиад нэг жил өвөлжүүлж өгөөч” гэсэн юм. Би ч хашаандаа гэр барьж, шувуугаа авч ирээд одоо сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ шувуундаа Азбаяр гэдэг нэр өгсөн. Азбаяр бас далавчиндаа шархтай олдсон. Ер нь шувуу томуутай байх магадлал өндөр байдаг. Анх малын эмч нараа дагуулж ирээд үзүүлэхэд “Янз бүрийн томуу, ханиад байхгүй, далавчиндаа л бэртсэн байна” гээд надад бичиг хийж өгсөн. Одоо Азбаяртаа гал түлж өгөөд, хооллоод байж байна даа.

-БАГААСАА Л АН АМЬТАНД ХАЙРТАЙ ХҮҮХЭД БАЙСАН-

-2018 онд таньд анх хотон шувуу өвөлжүүлж өгөх санал тавьж байсан юм байна. Тэгэхээр та түүнээс өмнө шувуу тэжээх туршлагатай байсан гэсэн үг үү?

-Би нэлээдгүй шувууны судалгаа хийж байсан. Бас зарим нэг шувуунд сансрын мэдээлэгч зүүх судалгааны ажилд олон удаа оролцож байлаа.

-Одоо шувуугаа юугаар хооллож байна. Өвөл загас ховор олдох байх.

-Хотон шувууны үндсэн хоол нь загас. Өөр юм нэг их идэхгүй. Хар-Ус нуурын хамгаалалттай газарт хяналт шалгалтаар хураагдсан загаснуудыг авч ирж, өгдөг. Мөн заримдаа сайхан сэтгэлт хүмүүс авч ирж өгнө. Өдөрт 4-5 загас иддэг.

-Усны шувууг өвөл хуурай газар байлгахад асуудал гардаг уу. Ус “нэхэж” байна уу?

-Хотон шувуу маш урт хошуутай. Хошуугаа усанд хийж, дэвтээж норгож байхгүй бол хуурайших талтай болоод ирдэг. Бас хөл, далавч нь хуурайшина. Усны шувууд чинь байнгын ус дагаж амьдардаг амьтад шүү дээ. Өвөл гал түлэхэд агаар хуурайших учраас устай орчин бүрдүүлж өгөхгүй бол болохгүй. Тиймээс ваннанд ус хийж шувууныхаа хөл гарыг нь дэвтээж өгдөг.

-Усыг нь яаж шийдэж байна. Хэд хоноод сольдог вэ. Бас нэг удаадаа хэчнээн хэмжээний ус шаардагддаг юм бол?

-Хотон шувуу усанд орохоороо шээж, баагаад байдаг. Энэ нь тухайн амьтны төрөлхийн” инстинкт”-тэй холбоотой байх. Бохирдсон усанд удаавал хордлого авна. Тиймээс хоёр хоноод сольдог. Нэг удаадаа ойролцоогоор 150-160 литр ус орно. Ванн нь гүнзгий учраас усыг нь дүүргэхгүй бол буцаж гарч ирж чаддаггүй юм. Худгаас түрдэг тэргээр усаа зөөж авч ирээд бохирдсон усыг гадагшлуулж, ванн ариутгаж цэвэрлэн, цэвэр ус хийж өгдөг.

-Усны шувууд мэдээж дулаан газар л амьдардаг. Өдөрт гэрээ хэдэн удаа галлаж байна.  Бас түлшний зардлыг хаанаас гаргадаг вэ. Та хувиасаа гаргадаг уу?

-Шөнө галыг нь бага түлчихвэл ус нь хөлдөж, даарна. Тийм болохоор өглөө, өдөр, орой гээд гурван удаа галлаж байгаа.  Ес эхэлж, хүйтрэхээр дөрвөн удаа галладаг. Түлээний зардлыг өөрөөсөө гаргадаг. Энэ хөөрхий амьтныг дааруулалтай биш. Заримдаа Хар-Ус нуурын хамгаалалтын газраас нүүрсний туслалцаа үзүүлдэг.

-Та ер нь яагаад шувуу тэжээх болсон юм бэ. Магадгүй хүүхэд байхаасаа амьтанд “элэгтэй” өссөн үү?

-Төлөвлөгөөт эдийн засгийн үед Ан агнуурын газар анчин байсан гэж би хэлсэн шүү дээ. Тэр үед төрөөс тийм хэмжээний загас барь, тийм хэмжээний үслэг амьтны арьс бэлд гээд тушаал өгчихдөг байсан. Зах зээлийн эдийн засагт шилжихэд тэр ажил маань зогсож экологич болсон.  Хүүхэд байхын л ан амьтанд хайртай, их сонирхдог, загас, туулай тэжээдэг хүүхэд байсан. Түүнийгээ дагасан.

-АНХ ИРЭХДЭЭ УУРТАЙ, ХҮН ОЙРТУУЛДАГГҮЙ БАЙСАН БОЛ ДАСААД ИРЭХЭЭРЭЭ ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ АМЬТАН ШИГ Л БОЛЧИХДОГ-

-Таны тэжээсэн хоёр шувуу хоёулаа бууны шархтай олдсон юм байна тийм үү?

-Хотон шувуу маш гоёмсог хошуутай. Хошуугаар нь хурдан морины хусуур их хийдэг. Хулгайн анчид ийм зорилгоор нь агнадаг юм болов уу гэж бодож байна. 

-Бид өмнө нь уулын согоо тэжээж, аргаль, янгирт ус өгдөг хүмүүстэй ярилцаж байсан юм. Тэгэхэд зэрлэг амьтан хүнд их хурдан дасдаг тухай ярьж байсан. Шувууны хувьд хүн хэр дасдаг юм бол?

-Шувуу мөн л ялгаагүй дасдаг. Дөнгөж ирсэн шувуу маш ууртай, хүн ойртуулдаггүй. Өдөр бүр хооллож, усалж байнгын хамт байгаад ирэхээр бага багаар дасаж эхэлдэг. Гэрийн тэжээмэл амьтан шиг л толгойгоо илүүлж, дасан зохицдог.

-Бүтэн өвлийн турш шувуугаа хооллож, асрахад та ч гэсэн шувуундаа тодорхой хэмжээгээр дасдаг байх?

-Тэгэлгүй яахав. Азхүүгээ 2019 оны зургадугаар сард 5-6 хүний бүрэлдэхүүнтэйгээр бид усанд нь тавьсан. Хүнд дасчихсан учраас суурин газарт ойрхон тавьчихвал буцаж ирээд хууль бус анчдад ангуулах эрсдэлтэй шүү дээ. Тиймээс бид завьтай авч яваад хотон шувуу өндөглөдөг нуурын цаад хэсэгт ижил сүрэгт нь нийлүүлсэн юм. Анх нисэж буй ижил сүргээ хараад их гайхаж, хэсэг нисэхгүй зогссон. Гэхдээ амьтан ижил сүргээ зөнгөөрөө таньдаг юм байна лээ. Хэсэг харж зогсоод хөлийх нь уяаг тавихад шууд л нисээд явсан. Би нисэж чадах болов уу яах бол гэж их санаа зовж байлаа. Тэнгэрт ижил сүрэгтээ дүүлэн нисэхийг хараад дотроо их баярлаж, огшиж, сэтгэл тайвширсан. Өвлийн турш хооллож, тэжээсэн болохоор их дасчихсан байсан.

-Шувууг тэжээхэд нэлээдгүй цаг хугацаа, хөдөлмөр зарцуулагддаг юм байна. Танай гэр бүлийнхэн таныг хэр дэмждэг вэ.

-Дэмжилгүй яахав. Эхнэрийг маань н.Эрдэнэчимэг гэдэг. Биологич мэргэжилтэй, Хар-Ус нуурын тусгай хамгаалалтай газрын судалгаа шинжилгээний газрын мэргэжилтэн. Эхнэр бид хоёр ижил мэргэжилтэй болохоор нэг нэгнийхээ ажлыг сайн мэддэг. Хүүхдүүд маань ч гэсэн амьтанд их хайртай.

-Таныг хотонгоос өөр амьтан тэжээж байсан гэж дуулсан?

Өмнө нь хашаандаа чоно тэжээж байсан. Танил маань чонын бэлтрэг олж аваад, өвөл хөлдчихнө гээд надад өгсөн юм. Дөнгөж нүдээ нээсэн, гарын атганы дайтай жижигхэн бор амьтан байсан. Буцаагаад ууланд нь тавибал хөлдөөд үхчихнэ гээд гэртээ тэжээж эхэлсэн. Гэтэл хурдан хугацаанд томорч, адгуусан чанар нь илэрч эхэлсэн учир ууланд нь буцааж тавьсан юм. Өөр заарт тах бас тэжээж байсан. Намайг Ховд их сургуульд лаборант хийж байх үед доктор н.Шар гэж хүн андаторыг гаршуулж, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлд ашиглаж болох эсэхэд судалгаа хийх санал тавьж байсан. Ийм зорилгоор андатор тэжээж байлаа. Зулзаганууд нь томорч, дахин төрөөд хоёр жилийн дотор нэлээн олон болсон шүү.

-Та хотон шувууг гэртээ тэжээж байна шүү дээ. Зориулалтын газар тэжээх боломж хэр байдаг юм бол?

-Зориулалтын газар байдаггүй. Миний ганц бодож явдаг зүйл бол энэ. Бэртсэн, шархадсан амьтныг асарч, үржүүлж, эдгээж буцаад байгальд нь тавьдаг тусгай зориулалтын газартай болох шаардлагатай байна. Зөвхөн Ховд гэлтгүй, монгол орны бүхий л газруудад. Шархдаж, бэртсэн амьтан яг л хүний асаргаанд л орчихдог. Тусламж үзүүлэхгүй удахад л царай алдан, хоол идэхээ больж, сэтгэлээр унадаг. Би хоёр гэмтсэн шувууг асарч, тэжээн ижил сүрэгт нь нийлүүлсэн нь хүмүүст ингэж болдог юм шүү гэдгийг л харуулахыг хүссэн. Мэдээж энэ амьтан ижил сүргээ , ээж аав, ус нуураа санагалзана. Хүн шиг л "намайг яагаад хаяж явсан юм бол" гэж бодож сэтгэлээр унадаг гэж бодож их өрөвддөг. Энэ бүхнийг хүмүүст ойлгуулбал дахиж амьтан руу бууны ам шагайхгүй болов уу.

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа.