Коронавирусын улмаас нас барсанаас хойш 14 хоногийн дараа сонгуульд ялалт байгуулжээ

Коронавирусын улмаас нас барсанаас хойш 14 хоногийн дараа сонгуульд ялалт байгуулжээ

Коронавирусын халдвараас болж нас барсан Румыны хотын дарга орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ. Тодруулбал, Ион Алиман гэх эр Румын улсын өмнөд хэсэгт орших Девеселу тосгоны захирагчийн албан тушаалд гурав дахь удаагаа ялалт байгуулж, сонгогчдын 64 хувийн саналыг авсан байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр түүний нэрийг саналын хуудсан дээр аль хэдийн хэвлэсэн байсан бөгөөд түүнийг есдүгээр сарын 15-нд нийслэл Бухарест хотод нас барсны дараа хасах боломжгүй болсон аж.

Ийнхүү дахин сонгууль болно гэж албаны хүмүүс Ройтерс агентлагт мэдээлсэн боловч нутгийн иргэд түүний булшинд очиж хүндэтгэл үзүүлсэн байна. Тосгоны оршин суугчид ноён Алимангийн булшны чулууг тойрон цугларч "Энэ бол чиний ялалт" хэмээн хэлж байжээ.

Мөн "Тэр бидний хувьд жинхэнэ хотын дарга байсан. Тэр тосгоны ихэнх бүтээн байгуулалтыг хийсэн, бүх хуулийг хүндэтгэж, дагаж мөрддөг байсан. Бид түүн шиг хотын даргатай дахин уулзахгүй байх гэж бодож байна" гэж өөр нэг эмэгтэй орон нутгийн “ProTV” сувагт хэлснийг Ройтерс агентлаг мэдээлсэн байна.  Тэнгисийн цэргийн офицер байсан ноён Алиман нь зүүний чиг баримжаатай социал демократ намын гишүүн байсан бөгөөд  энэ жил 57 нас хүрэх байжээ.

Эх сурвалж: BBC