Төв аймаг 120 сая, Завхан 75 сая төгрөгөөр "нэг насны морь"-доо шагнах бол, Хэнтий аймаг түрүү морины эзэнд "Nissan Patrol" автомашин өгнө гэх яриа гарчээ

Төв аймаг 120 сая, Завхан 75 сая төгрөгөөр "нэг насны морь"-доо шагнах бол, Хэнтий аймаг түрүү морины эзэнд "Nissan Patrol" автомашин өгнө гэх яриа гарчээ

Энэ сарын 27, 28-ны өдөр буюу ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт Архангай, Төв, Завхан, Хэнтий гэсэн дөрвөн аймгийн 100 жилийн ойн баяр наадам нэг өдөр зэрэг болно. Мөн наймдугаар сарын 01, 02-ны өдөр Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам Говь-Алтай аймагт болох юм.

Мөн Архангай, Төв, Завхан, Хэнтий аймгуудын 100 жилийн ойн наадамтай хамтатган хурдан морины “бүсийн уралдаан”-ыг зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь дээрх дөрвөн аймгийн хурдан морины уралдаанд амжилттай оролцсон уяачдад улсын цол, чимэг олгоно гэсэн үг юм. Иймд уяачид Архангай, Төв, Завхан, Хэнтийн 100 жилийн баяр наадамд хурдан морьдоо уралдуулахаар тус аймгуудыг ихээр зорьж байна. Үүнийгээ дагаад түрүүлж, айрагдсан, модонд хуралдалсан морьдын эзэнд өгөх бай, шагналд юу байх нь анхаарал татаж байгаа юм. 

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны морьдын уралдаан түрүүлсэн Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хар үрээ. Төв цэнгэлдэх хүрээлэн. 2023.07.12

-УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТӨВ АЙМГИЙН БАЯР НААДАМД 1 ТЭРБУМ ТӨГРӨГ ХАНДИВЛАСАН ГЭХ ЯРИА ГАРСАН БОЛ, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ "МОДОНД ОРСОН" МОРИНЫ ЭЗЭНД 300 МЯНГАН ТӨГРӨГ ӨГНӨ ГЭЖЭЭ

Иймд Монголын морин спортын уяачдын холбооны зарим эх сурвалжууд болоод аймгуудын 100 жилийн ойд оролцохоор хурдан морио ачиж яваа зарим иргэдээс “амжилт үзүүлсэн морьдын бай, шагнал юу байх талаар” тодрууллаа. Тэд, “Төв аймгийн 100 жилийн ойд уралдах нэг насны морины шагналын сан 120 сая байхаар тогтсон. Энэ нь нийт 720 орчим сая төгрөгийг зургаан насны морьдын бай, шагналд зарцуулах ба их нас, азарга, соёолон гээд зургаан насны морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдоос гадна эдгээр насанд эхний 21-д буюу модонд хурдалсан мориныг эзнийг ч шагнаж, урамшуулна” гэсэн юм. 

Мөн Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадамдаа зориулж "УИХ-ын дарга асан М.Энхболд хувиасаа 1 тэрбум төгрөг хандивласан гэнэ" гэх мэдээлэл ч уяачдын дунд яригдаж байна гэлээ. 

Завхан аймгийн хувьд нэг насны морины шагналын сан 75 сая төгрөг байхаар тогтсон бөгөөд нийт зургаан насны хурдан морины шагналд 450 сая төгрөг зарцуулахаар, цуглуулж, эхний 15 морийг барихаар болсон гэх мэдээлэл гарчээ. Харин Хэнтий аймгийн тухайд хурдан морины шагналын сан хамгийн өндөрт тооцогдож байгаа аж. Тодруулбал, зургаан насанд түрүүлсэн моринд "Nissan Patrol маркийн автомашин" өгөх сураг гарч байна. Харин одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар тус нутгийн хүмүүс байгаа тул үүнийгээ дагаад бай, шагнал нь өндөр байна гэх шүүмжлэл гарна, иймд баяр наадмын хандивлагч, ивээн тэтгэгчдээ сайн зарлаад явах хэрэгтэй байр суурьтай байгаа аж.

Сонирхуулахад, өнгөрсөн жил /2022/ Сүхбаатар аймаг үүсэж байгуулагдсаны 80, 81 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн их нас, азарганы бай шагналыг Мон Уран компанийн эзэн Б.Наранхүү, Моннис группийн эзэн Б.Чулуунбаатар нар хариуцаж Nissan Patrol Y62 маркийн автомашин өгч байсан удаатай. Үүнтэй нэгэн адилаар Архангай, Төв, Завхан, Хэнтий аймгуудын баяр наадмын бай шагналуудыг тухайн орон нутгийн иргэдийн хандиваар бүрдүүлж байгаа аж. Мөн Голь-Алтай аймаг түрүүлж, айрагдсан морины эздээс гадна, модонд уралдсан моринд тус бүр 300 мянган төгрөг өгнө гэдгээ зарлаад байгаа бол Архангай аймгийн хурдан морины уралдааны бай шагнал тодорхой бус байгаа ажээ. Харин бид энэ талаар дөрвөн аймгийн баяр наадмыг зохион байгуулах комиссын хүмүүстэй холбогдож тодруулах гэсэн боловч, “нууцалж байгаа” гэсэн хариултыг өгч байлаа.