ОХУ-ын Тувад цэргийн сургуульд 10-11 насны монгол хүүхдүүдийг суралцуулах тухай зараа манай Батлан хамгаалах яам устгажээ

ОХУ-ын Тувад цэргийн сургуульд 10-11 насны монгол хүүхдүүдийг суралцуулах тухай зараа манай Батлан хамгаалах яам устгажээ

Манай улсын Батлан хамгаалах яам /БХЯ/-наас ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын нийслэл Кызыл дэх цэргийн сургуульд сургах 10-11 настай монгол эрэгтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулж, суралцуулах тухай мэдээллийг саяхан гаргасан.

Тус мэдээлэлд, "сургуульд суралцуулж өгөхийг хүссэн тухай эцэг, эхээс гаргасан өргөдөл, сургуулийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг  бүрдүүлэн энэ сарын ... /2024.05./-наас өмнө явуулж сонгон шалгаруулалтанд оролцоно" уу гэсэн байв. Тэгвэл энэ чиглэлээр өнгөрсөн 2020 онд тус сургуульд манай улсаас есөн хүүхэд суралцаж байжээ.

Харин энэхүү мэдээлэл гарсны дараа иргэдийн зүгээс “дайн болж байгаа улс руу насанд хүрээгүй хүүхдүүдийг явуулах гэж байна” гэх шүүмжлэлийг гаргасан юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Тувагийн нийслэл Кызилд 7 жил сураад дараа нь ОХУ-ын цэргийн сургуульд 5 жил сургах аж. Бид энэ талаарх мэдээллийг Батлан хамгаалах яамны Өргөдөл, гомдлын асуудал хариуцсан мэргэжилтэнээс тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан ба Батлах хамгаалах яамны албан ёсны хуудаснаасаа дээрх мэдээллийг төд удалгүй устгасан юм. 

ОХУ Украйнтай дайн эхлүүлсэнээс хойш бусад улс орнууд төвийг сахиж хэд хэдэн улс ОХУ-ын эсрэг хатуу эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Мөн ОХУ-ын үйлдлийг буруушааж, түрэмгийлэгч орон гэж үзэж Украины нутаг дэвсгэрээс цэргээ татах тухай санал хураалтад 141 орон дэмжсэн хариулт өгсөн юм.

Тиймээс ч дайн тулаан үргэлжилж буй энэхүү эгзэгтэй мөчид 10-11 насны хүүхдээ тус улс руу явуулах нь дайныг дэмжиж байгаа нэг хэлбэр ба эрсдэлтэй алхам хэмээн иргэд болгоомжилж байгаа аж.

Тува бол ОХУ-ын хамгийн тусгаарлагдсан бүс нутгийн нэг юм. Тус улс нь 100 мянган хүн амд ногдох цэргийн нас баралтын тоогоор ОХУ-даа тэргүүлдэг ба энэхүү ядуу бүс нутгийн оршин суугчид гэрээт цэргийн албыг ядуурлаас гарах хамгийн сайн арга гэж үздэг байна. Өнөөдрийг хүртэл Тува улс нь ОХУ-даа хамгийн аюултайд тооцогддог ба 2020 онд гэмт хэргийн үзүүлэлтээрээ тэргүүлж байжээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө