Г.Одгариг: Гандантэгчилэн хийдэд өмнө нь хүүхдийн эрхийн хяналт шалгалт хийхэд ийм хэрэг огт илэрч байгаагүй

Г.Одгариг: Гандантэгчилэн хийдэд өмнө нь хүүхдийн эрхийн хяналт шалгалт хийхэд ийм хэрэг огт илэрч байгаагүй

Гандантэгчилэн хийдэд шавилан суух хоёр сарын хугацаандаа өдөр бүр хүчирхийлэлд өртдөг байсан хүүгийн талаарх мэдээлэл олон нийтэд ил болж ихээхэн маргаан дагуулж байсан билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Гандантэгчилэн хийдийн лам нар мэдээлэл хийлээ. 

Гандан телевизийн захирал Г.Одгариг, "Гандантэгчилэн хийдэд урьд өмнө нь ийм хэрэг гарч байгаагүй. Өмнө нь хүний эрхийн болон хүүхдийн эрхийн хяналт шалгалт хийж байсан. Ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй. Энэ хэрэгтэй холбоотой асуудалд холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалтын ажлыг үнэн зөв хийнэ гэдгээ мэдэгдье"

Гандантэгчилэн хийдийн тэргүүлэгч Б.Мөнхбаатар, "Анхнаасаа хүүгийн ээж хэвлэлд ярилцлага өгч, хүүхдүүдийн нэр усыг зарласан нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн хэрэг боллоо. Цаашид энэ хүүхдүүдийг нийгэм даяар ялгаварлан гадуурхаж болзошгүй. Тиймээс энэ хэргийг гол нь үнэн зөвөөр л шийдвэрлүүлэхийг зорьж байна"

Гандантэгчилэн хийдийн Цорж лам гавж Б.Чойжилсүрэн, "Үүсээд буй асуудал буддын шашинд огт байдаггүй зүйл. Намайг 1990 оноос хойш шавилан сууж буй хугацаанд нэг ч ийм асуудал гарч байгаагүй. Яагаад гэвэл лам нарын өөрсдийнх нь олон сахил байдаг. Үүнийг зөрчиж болохгүй гэж бид заадаг. Цагдаагийн ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын газар бидэнтэй хамтран ажиллаж  байгаа. Хүүхдүүд суудаг тухайн дотуур байр нь дотроо нойлтой, камертай. Мөн ойролцоо насны хүүхдүүдийг цуг байлгадаг. Насны ялгамжтай хүүхдүүдийг цуг байлгадаггүй. Хэрвээ тийм зүйл болсон бол үнэхээр харамсалтай байна. Цаашид хүүхэд залуучуудын газартай хамтраад 20 гаруй зүйлийг хууль хяналт болон төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ"

Гандантэгчилэн хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал, "Мэдээлэл гарангуут хөөж явуулсан гэсэн сауудал яригдаж байна. Энэ асуудалд тайлбар хийхэд тухайн хүүхдийн ээж нь ирээд өглөөнөөс орой хүртэл хүүхэдтэйгээ хамт амьдрах гээд байсан. Тухайн үед дацангийн багш нарын зүгээс ээжид нь лам нарын байр учир хонож болохгүй гэсэн шаардлагыг тавьсан. Түүнээс хөөж явуулсан асуудал байхгүй" гэсэн юм.