Олон улсын Байгаль хамгааллын байгууллагаас БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд өргөмжлөл гардууллаа

Олон улсын Байгаль хамгааллын байгууллагаас БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд өргөмжлөл гардууллаа

Байгаль хамгааллын Дэ нэйче консерванси /TNC/ байгууллагаас БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэд байгаль хамгааллын байнгын санхүүжилтийг бий болгох байгаль орчинд эерэг ирээдүйг бий болгох үйлсэд манлайлал үзүүлсэн тул өргөмжлөл гардуулав.

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Дэ Нэйче Консерванси байгууллага /TNC/ -ын Газар, далай, ус хамгаалах асуудал хариуцсан захирал ноён Жэф Паришыг хүлээн авч уулзав. Ноён Жэф Париш Аялал жуулчлалын хууль батлуулах, байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тусгай хамгаалалттай газруудын боловсон хүчнийг сургах зэрэг олон чухал арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж буй Б. Бат-Эрдэнэ сайдад баяр хүргэв. Уулзалтын үеэр талууд Монгол улсад Байгаль хамгаалах байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаарх хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгааг онцлов.

-TNC БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ ӨРГӨМЖЛӨЛИЙГ ӨМНӨ НЬ КАНАД,БАРБАДОС,ГАБОН,КОЛУМБ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД НАР АВЧ БАЙВ-

Ноён Жэф Париш Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийг бий болгох байгаль орчинд эерэг ирээдүйг бүтээх санаачилгыг хэрэгжүүлэх ажилд манлайлал үзүүлж буй БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэд тусгай өргөмжлөл гардуулав. Уг өргөмжлөлийг өмнө нь Канад, Барбадос,Габон, Колумб Улсын байгаль орчны Сайд нарт гардуулж байжээ.

Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь Монгол улсын урт хугацааны хөтөлбөр болох “Алсын хараа 2050”-д тусгагдсан Монгол Улсын нийт газар нутгийн 30 хувийг 2030 он гэхэд Улсын тусгай хамгаалалтад авах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлэх зорилтуудыг биелүүлэхэд урт хугацааны тогтвортой санхүүжилтийг бий болгохоор зорьж байна.