Сүхбаатар аймгийн Халзан суманд сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Халзан сумд малчин Г гуравдугаар сарын 14-ний /2023.03.14/ өдрийн 04:00 цагийн орчим малчин Б-ын гэрээс согтуу, явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 16:35 цагт сумын цагдаагийн газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Халзан сумын мэргэжлийн ангийн албан хаагч, ар гэрийнхэн, нийт 10 хүн, хоёр автомашинтайгаар тус сумын харьяат малчин Г /22 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эл өдрийн 16:50 цагаас 19:00 цаг хүртэл тус сумын “Дэмбэрэл” гэдэг газрын орчим зохион байгуулсан. Мөн гуравдугаар сарын 15-ны /2023.03.15/ өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн тухай мэдээллийг Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батбэх аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.