Дуучин Д.Болд говийн бүсэд нэр дэвшихээр МАН-д хүсэлтээ гаргажээ

Дуучин Д.Болд говийн бүсэд нэр дэвшихээр МАН-д хүсэлтээ гаргажээ

Камертон  хамтлагийн дуучин Д.Болд өчигдөр /2024.05.08/ өөрийн цахим хуудаснаа "Удаан бодсон, их эргэлзсэн, эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа. Үргэлж баримталж мөрддөг зарчим маань шийдвэл шийдсэн шиг, хийвэл хийсэн шиг. Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил, үе үеийн залуусын үлгэр дуурайлал, зөв чиг нь байхын тулд үргэлж хичээн зүтгэж, хөдөлмөрч сахилга баттай, зөв амьдралаар тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого, илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болноо. Хамтдаа өссөн, хөгжсөн,бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн бүх л монголчуудаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Илүү хүчтэй, илүү шударга, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе. Жич: Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор, үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болноо" гэж бичсэн. 

Түүний энэхүү байр суурийг уншсан хүмүүс УИХ-д нэр дэвших нь хэмээн таамаглаж байсан билээ. Тэгвэл тэрбээр МАН-аас говийн бүсэд нэр дэвшихээр хүсэлтээ өгчээ. УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойрог буюу говийн бүс нь Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэрийг хамрах бөгөөд 7 мандаттай юм.