Энэтхэгийн цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоолуудад нас барсан иргэдийг чандарлаж эхэлжээ

Энэтхэгийн цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоолуудад нас барсан иргэдийг чандарлаж эхэлжээ

Өчигдөр/2021.04.27/ халдварын “давлагаанд” нэрвэгдсэн Энэтхэг улсад олон улсын анхны тусламж Их Британиас иржээ. Тусламжид 200 ширхэг хүчилтөрөгчийн аппарат, болон эмнэлгийн агааржуулагч багтсан байна. Их Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч цаашид Энэтхэгт вакцин илгээх асуудлыг хэлэлцэж үзнэ хэмээн мэдэгджээ. 

Гэсэн ч эрүүл мэндийн салбарын хүчин чадал нь шавхагдаж буй тус улсад Их Британийн тусламж хаанаа ч хүрэхгүй хэмээн эрх баригчид хэлж байна. Одоогоор Европын Холбоо, АНУ, НҮБ Энэтхэгт тусламж илгээхээ мэдэгдсэн. Тодруулбал,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Даваа гарагт /2021.04.26/ АстраЗенека вакцины 60 сая тунг вакцин шаардлагатай байгаа улс орнуудад илгээх бөгөөд эхний хүлээн авагч Энэтхэг байх болно гэж хэлсэн. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Тарик Ясаревич Энэтхэг улсад 4000 ширхэг хүчилтөрөгчийн баяжуулагч нийлүүлнэ гэж мэдэгдэв. Франц улс хүчилтөрөгчийн сав, амьсгалын аппарат илгээхээ мэдэгдсэн бол Тайланд, Сингапураас хүчилтөрөгч хадгалах савнууд аль хэдийн ирээд байна. 

Их Британиас эмнэлгийн тусламж ирж буй нь

Вакцинжуулалтын нөхцөл байдал ямар байна вэ?

Энэ бол эрх баригчдыг хамгийн ихээр түгшээж буй асуудал. Засгийн газраас ирэх тавдугаар сарын 1-ээс эхлэн бүх насанд хүрсэн иргэдээ вакцинжуулна хэмээн мэдэгдэж буй. Тус улс нийт 1,3 тэрбум хүн амтай бөгөөд үүнээс 900 сая нь 18-аас дээш насныхан байгаа юм. Гэсэн ч вакцин үйлдвэрлэгч хоёр том эх үүсвэр болох "Ийлдэс судлалын хүрээлэн" ба "Бхарат Биотехийн хангамж" 45-аас дээш насныхныг вакцинцуулах нөөц хангалтгүй байгааг хэлж байна.

Харин Энэтхэгийн Засгийн газар вакцины хомсдол гарахыг үгүйсгэж, 5-р сарын сүүлчээр Сийвэнгийн хүрээлэнгийн үйлдвэрлэлийг сард 100 сая тунгаар нэмэгдүүлэх хөрөнгийг баталжээ.

Одоогоор тус улсын нийт хүн амын ердөө 10 орчим хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байгаа юм. 

Энэтхэгийн одоогийн нөхцөл байдал. Халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нас баралтын тоо ч хязгаарыг давж байна. Нийслэл Дели хотын оршуулах газрууд цогцос хадгалах зайгүй болсон тул талийгаачдыг ил задгай чандарлахаас өөр аргагүйд хүрэв. Өнөөдрөөс нийслэлийн цэцэрлэгт хүрээлэн, авто машины зогсоол зэрэг хоосон зайг чандарлах газраар ашиглаж эхэлжээ. Мөн гал асаах зорилгоор хотын цэцэрлэгт хүрээлэнгийн модуудыг тайрч байгаа аж. 

Нью Дели хот. Цэцэрлэгт хүрээлэнгийн модуудыг тайрч буй нь

“Indian Express” сонинд бичсэнээр нэг шарилыг чандарлахад ойролцоогоор 6 цаг зарцуулдаг бөгөөд талийгаачийн ар гэр нь 3-4 цаг хүлээсний эцэст салах ёс гүйцэтгэж байна гэжээ. 

Эмнэлгийн нөхцөл байдал бүр дордож байна. Хэд хэдэн томоохон эмнэлгүүдийн хүчилтөрөгчийн нөөц дууссан тул архаг, хууч өвчтэй болон өндөр настнууд олноор эндэж байгаа аж. Үүнийг дагаад эмийн үнэ өсөж, эмийн сангуудын нөөц дуусаж эхэлжээ. 

Эх сурвалж: CNN, IndianExpress