ХУУЛЬ: Ерөнхийлөгч Х.Баттулгын “захирамж” түүнийг 20 ЖИЛ хоригдоход хүргэх үү

ХУУЛЬ: Ерөнхийлөгч Х.Баттулгын “захирамж” түүнийг 20 ЖИЛ хоригдоход хүргэх үү

2020 оны тавдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуулийн 30.2 -д "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан юм.

Иймд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж, Х.Баттулгыг ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй гэж үзсэн билээ. 

-ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬ БУС АРГААР АВАХЫГ ЗАВДАЖ БАЙНА ГЭЖ Х.БАТТУЛГЫГ БУРУУТГАВ-

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан /2021.04.19/ гэнэтийн мэдэгдэл хийж МАН-ыг тараах тухай “захирамж” гаргаж Улсын Дээд шүүхэд хүргүүлж байна гэж мэдэгдсэн нь нийгэмд багагүй маргаан, хуваагдлыг авчираад байна. Учир нь МАН-аас, “Үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгч Үндсэн хуулийн хүрээнээс хальж, шүүхийг захирамжлан удирдах, улс төрийн намыг тараах бүрэн эрхтэй мэт аяглалаа. Аливаа улс төрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн гэмт үйлдлийн эсрэг нэгдэхийг улс төрийн бүх намуудад уриалж байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл МАН ийнхүү мэдэгдсэн нь учиртай аж. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 19.2.1 -д “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Учир нь,  Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж улс төрийн намыг тараах замаар төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэдэгт хамаарч болзошгүй юм.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЯАГААД “ЗАХИРАМЖ” ГАРГАХ БОЛОВ-

Нөгөө талаар тэрээр мэдэгдэл хийснийхээ дараахан Зэвсэгт хүчний жанжиж штаб /ЗХЖШ/-д очиж, тус штабын зарим удирдах бүрэлдэхүүнтэй уулзсан гэж буй. Энэ талаар өчигдөр /2021.04.20/ ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхийлөгч төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-д хүрэлцэн ирсэн. Улмаар “цэргийн нэгдсэн холбоо”-той хамааралтай үйл ажиллагааны талаар асуусан байгаа” гэсэн юм.

Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга захирамжаа танилцуулах үеэрээ “МАН-ын үйл ажиллагаанд Улс төрийн намын тухай хуульд тус тус заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн дараах үйл баримт тогтоогдож байна” гэсэн билээ.

Нөгөө талаар зарим иргэд түүнийг яагаад “захирамж” гэх зүйлийг гаргах болов, Ерөнхийлөгч “зарлиг” гаргадаггүй билүү гэж буй. Харин ноцтой нь Үндсэн хуулийн 33.12 -д “Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.