“Сугалааг хаяагүй, хажууд байсан хүнээр хуйлуулахын тулд дамжуулсан” гэж тайлбарлажээ

“Сугалааг хаяагүй, хажууд байсан хүнээр хуйлуулахын тулд дамжуулсан” гэж тайлбарлажээ

Өнгөрөгч долоо хоногт TV9 телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр үзэгчдээс ирсэн сугалааг хаясан үйлдэл бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. 

Иймд асуудлын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар ЦЕГ-аас мэдэгдсэн бол, үзэгчдээс ирсэн сугалааг хаясан тухайн бичлэгтэй холбоотойгоор ТV9 телевиз болон компанийн зүгээс тус тус мэдэгдэл гаргасан билээ. 

Тэгвэл сугалгааг шидсэн гэх үйлдэлд холбогдоод буй TV9 телевизийн сэтгүүлч Ц.Энхжин тус явдлын талаар “Өдрийн сонин”-нд өгсөн тайлбартаа, “Би иргэдээс илгээсэн сугалааг хаяагүй.  Хажуу дахь хүндээ хуйлуулахын тулд дамжуулсан. Тодруулбал, Миний баруун талд компьютерын ажилтан сууж байсан. Түүний зүгээс надад “хажууд сууж байгаа хөтлөгч нь сугалаагаа өгчих” гэж хэлсэн учраас, би тэр сугалааг нь дамжуулж өгсөн гэсэн үг” хэмээжээ. Мөн тэрээр “энэ сарын 16 –ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийнхөө зүгээс хэлж чадах зүйлээ үнэнээр нь хэлсэн” гэсэн байна.