Бизнесийн байгууллагууд хүний эрхийг хүндэтгэн ажиллаж байгаа туршлагаа танилцууллаа

Бизнесийн байгууллагууд хүний эрхийг хүндэтгэн ажиллаж байгаа туршлагаа танилцууллаа

Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх” Глобал төсөл нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран "Хариуцлагатай бизнес ба хүний эрх: Бизнесийн үүрэг амлалт ба үр дүнг хуваалцах нь” форумыг 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд  Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Тус форумд бизнесийн байгууллагууд, холбоод, худалдаа аж үйлдвэрийн танхим, эрдэм шинжилгээний байгууллагуудын 80 гаруй төлөөлөл оролцож, Монгол Улсад хүний эрхийг хүндэтгэдэг, хариуцлагатай бизнесийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжиж буй уг төслийн үр дүнтэй танилцав.

“Бизнес ба Хүний эрх” Глобал төсөл нь хүний эрхийн магадлан шинжилгээ хийх талаар цуврал сургалтыг 600 орчим бизнесийн байгууллагад зохион байгуулж, сонгогдсон 12 компанид хүний эрхийн эрсдэлийн түргэвчилсэн шинжилгээ хийхэд зөвлөн чиглүүлэх үйлчилгээ үзүүлжээ. Эдгээр байгууллага төслийн зөвлөн туслах үйлчилгээгээр дамжуулан авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, сайн туршлагуудаа хэлэлцэхийн зэрэгцээ бизнесийн үйл ажиллагаандаа хүний эрхийг хамгаалан дээдлэх нэн чухал үүрэг амлалтаа үргэлжлүүлэн хангаж ажиллахаа форумын үеэр илэрхийллээ. Мөн хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүрэг хариуцлага нь ажлын бүтээмж, ашиг орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй тэднийг дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний нэг хэсэг болоход чухал ач холбогдолтойг форумын үеэр дурдаж байв.

Төсөлд хамрагдсан байгууллагуудын нэг болох Макс Өргөө компанийн Захиргаа, Хүний нөөцийн албаны дарга Б. Батчимэг ярихдаа: “Манай байгууллага нь барилга угсралт, барилгын ашиглалт менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид өндөр эрсдэлтэй салбарт ажилладаг учраас хүний эрхийг дээдэлсэн, хүндээ ээлтэй, жендэрийг тэгш эрхийг хангасан бодлого хэрэгжүүлж салбартаа түүчээлэх эрмэлзлээр “Бизнес ба Хүний эрх” төсөлд хамрагдсан. Төслийн хүрээнд байгууллага дээрээ хүний эрхийн түргэвчилсэн шинжилгээ хийсэн. Дүрэм журам, бодлогын хүрээнд олон ажлыг төлөвлөж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. Жишээлбэл, барилгын салбарт ажиллаж буй эмэгтэй ажилтнуудаа дэмжих үүднээс байгууллага дээрээ “Эх, хүүхдийн өрөө”-г тохижуулж, эх, хүүхдийг ээлтэй, аюулгүй орчинд хамт байлгах ажлыг төлөвлөж хийсэн.” гэлээ.

Монгол Улс 2023 онд хариуцлагатай бизнесийг түгээн дэлгэрүүлж, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх үүрэг амлалтаа дахин бататгаж “Бизнес ба Хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө (ҮҮАТ)”-г баталсан. Ингэснээр энэхүү цогц төлөвлөгөөг баталсан Ази Номхон Далайн бүсийн дөрөв дэх улс болсон юм.

Монгол Улс ҮҮАТ-г 2023 оноос 2027 он хүртэл хэрэгжүүлэх ба энэ хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний эрхийн магадлан шинжилгээ гэх арга хэрэгслийг практикт нэвтрүүлэх, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, үр дүнтэй, хүртээмжтэй гомдол барагдуулах механизмыг бий болгож, сайжруулан ажиллах юм. 

Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Сүнжид “НҮБ-ын Бизнес ба Хүний Эрхийн Удирдах Зарчмууд, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг хэрэгжүүлэхэд бизнесийн үүрэг оролцоо чухал ач холбогдолтой. Комиссоос бизнесийн байгууллагуудад хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал нэвтрүүлэх, хүний эрхийн чадавхийг бэхжүүлэх сургалт, арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэх болно. Хүндээ ээлтэй бизнесийн байгууллагыг төлөвшүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, аливаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллана.” гэлээ.

Япон улсын Засгийн газар нь хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж байгаа ба энэхүү глобал санаачилгын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Япон, Монгол зэрэг 15 улс оронд хүний эрхийн хэм хэмжээг сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна.

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, “Монгол улсад тулгамдаж буй хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тэргүүтэй бусад түншүүдтэйгээ цаашид нягт хамтран ажиллах болно” хэмээв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Хатагтай Матилда Димовска Монгол Улсад хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж буй Япон Улсын Засгийн Газарт талархал илэрхийлээд, хүндээ ээлтэй, хариуцлагатай бизнесийн соёлыг түгээн дэлгэрүүлж, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг уриалав.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска:

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хүний эрхийг хүндэтгэн ажиллаж байгаа бизнесийн байгууллагуудын туршлагыг танилцуулж байгаадаа баяртай байна. Бидний анзаарсанаар Монголд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа хүний эрхийг анхаарах, хангах, хамгаалах хэрэгцээ шаардлага, үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ соргог анзаарах болжээ.  Энэ нь ч аргагүй юм. Дэлхий даяар үйлчлүүлэгчид нийгмийн хариуцлагаа үлгэр жишээ хэрэгжүүлдэг бизнестэй харилцах, үйчлүүлэх сонирхолтой болж байна. Тиймээс хүний эрхийг хангаж хэрэгжүүлэлгүйгээр олон улсад гарч, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний нэг хэсэг болох боломжгүй юм.