BBC: Сү.Батболд өмгөөлөгчөөрөө дамжуулан АНУ-ын гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлийг няцааж, шүүхдэнэ гэж мэдэгджээ

BBC: Сү.Батболд өмгөөлөгчөөрөө дамжуулан АНУ-ын гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлийг няцааж, шүүхдэнэ гэж мэдэгджээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын хууль бусаар олж авсан тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг АНУ-ын хууль, шүүхийн байгууллага хураана гэж мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Нью-Йорк хотын “21 East 61st Street and 230 West 56th Street” дээр байрлах нийт 14 сая долларын үнэтэй "The Carlton House” болон "Park Imperial" гэх хоёр орон сууцыг АНУ-ын шүүх хураах шийдвэр гаргаж “албан тушаалын авлигаар олсон мөнгийг нөхөн төлүүлж, гэмт хэргээс олсон ашгийг хурааж авахын төлөө тууштай ажиллах болно” гэж мэдэгдээд байгаа юм. Мөн АНУ-ын хууль, шүүхийн албан тушаалтнууд “АНУ-ын холбооны хуулийг зөрчин авлига авсан албан тушаалтнууд манай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг гэмт хэрэг үйлдэж, олсон орлогыг нуун дарагдуулахад ашиглаж болохгүй гэдгийг үүгээр анхааруулж байна” хэмээн мэдэгдээд байна.

-BBC АГЕНТЛАГ “ӨДГӨӨ 60 НАСТАЙ СҮ.БАТБОЛД НЬ ХУУЛЬ БУС АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Ч ОДООГ ХҮРТЭЛ УЛСЫНХАА ПАРЛАМЕНТЭД СУУСААР БАЙНА” ГЭЖ МЭДЭЭЛЖЭЭ-

Тэгвэл энэ талаар Их Британийн BBC агентлаг “Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд гэх эрхэм авлигын аргаар Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн хоёр орон сууц худалдаж авсан гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдлээ. Прокурорууд Манхэттен хотын төвд байрлах нийт 11 сая фунт стерлингийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг хураахаар оролдож байгаа аж.

Учир нь Сү.Батболдыг 2009-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гэр бүлийнхээ мэдэлд байдаг уул уурхайн компаниараа дамжуулан 68 сая ам.долларын ашигт малтмал олборлох гэрээ байгуулж, гэрээнээс олсон олон сая долларыг гадаадын банкны данс руу шилжүүлж, хэд хэдэн компаниар дамжуулан угаасан гэж үзэж байгаа аж.

Уул уурхай бол Монгол Улсын гол салбар. Одоо 60 настай Сү.Батболд гэх эрхэм дээрх үндэслэлээр буруутгагдаж байгаа ч одоог хүртэл улсынхаа парламентед суусан хэвээр байгаа юм. Мөн түүний өмгөөлөгч Орин Снайдер энэ талаар “Ноён Батболд эдгээр үндэслэлгүй нэхэмжлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг тэсэн ядан хүлээж байна" гэж “Ройтерс” агентлагт мэдээлсэн байна. Одоогоор Сү.Батболд өөрөө ял сонсоогүй байгаа ч дээрх прокурорын нэхэмжлэлийг АНУ-ын шүүх хүчин төгөлдөр гэж үзвэл өмч хөрөнгийг нь төр хурааж авах боломжтой юм.

-“THE CARLTON HOUSE”, “PARK IMPERIAL” ГЭХ ХОЁР ОРОН СУУЦ НЬ АМЕРИКДАА АЛДАРТАЙ БАРИЛГЫН КОМПАНИУДААР БАРИГДСАН БА ШИЛДЭГ УРАН БАРИЛГААР ТОДОРЧ БАЙЖЭЭ-

Тус тансаг зэрэглэлийн хоёр орон сууц нь Манхэттэн дүүргийн А бүсэд буюу хотын Төв цэцэрлэгт хүрээлэнгээс хэдхэн блокийн цаана, хоорондоо 1.8 км зайтай байрладаг ажээ. 18 давхар бүхий "The Carlton House" бол 1989 оноос хойш Нью-Йоркт үйл ажиллагаагаа явуулж буй "Extell Development" компанийн барилга бөгөөд тус компанийн барилгууд АНУ-д үнэ цэнээ алддаггүй гэдгээрээ ихээхэн алдартай. Харин "Park Imperial" хэмээх 70 давхар шилэн барилга нь 2002 онд баригдсан бөгөөд тухайн жилийнхээ Нью-Йоркийн шилдэг уран барилгаар тодорч байжээ. Дээрх тансаг зэрэглэлийн орон сууцууд нь дан 4-6 өрөө ба тус өрөөнүүдээс гадна 3-4 ариун цэврийн өрөөтэй аж.