“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлажээ

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлажээ

Засгийн газраас “Шинэ Хархорум” хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, инженер-геологийн судалгаа, байрзүйн зураглал хийх ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолын хүрээнд “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл,инженерийн шийдэл, ирээдүйн хотын дүр төрхийг тодорхойлохдоо олон улсын шилдэг архитектор, хот төлөвлөгч, инженерүүдийн шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Сонгон шалгаруулалтад дотоод болон гадаадын байгууллага, баг, хувь хүн нээлттэй оролцох боломжтой бөгөөд шилдгээр шалгарсан таван багийн төлөөллийг “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцуулах аж. Мөн үзэл баримтлалыг шүүх дотоод, гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн комиссын бүрэлдэхүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлэх юм байна. Олон улсын сонгон шалгаруулалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://competition.kharkhorum.gov.mn/ цахим хуудаснаас авах боломжтой аж.