Францын компанийн хийсэн "Эгийн голын УЦС-ын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ"-г ОХУ нь хүлээн зөвшөөрөөгүй учир уг төсөл гацжээ

Францын компанийн хийсэн "Эгийн голын УЦС-ын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ"-г ОХУ нь хүлээн зөвшөөрөөгүй учир уг төсөл гацжээ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлсний нэг нь Эгийн голын усан цахилгаан станц юм.

Анх 1991, 1996, 2007 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн ч тодорхой шалтгааны улмаас хойшилсоор ирсэн. Улмаар 2013 онд ЭГУЦС-ыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, 2014 онд уг станцыг 315 МВт-ын хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж байв. 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан юм. Өнгөрсөн хугацаанд Эгийн голын усан цахилгаан станц ТӨХК, ШУА- тай хамтарч судалгаа хийсэн. Судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж буй. Эдгээр судалгааны дүнг ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэх юм. 

Гэтэл тус судалгааны ажлыг дахин ОХУ-ын талаас гацаасан байна. Тодруулбал, энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Францын компанийн хийсэн Эгийн голын УЦС-ын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харсан ОХУ-ын Эрчим хүчний яам нь "Найрамдалт бус харилцаатай орноор үнэлгээ хийлгэмээргүй байна. Харин манай хоёр улсын дөрвөн яам дундаа ажлын хэсэг байгуулчихъя" гэж хойшлуулаад байгаа" гэж хэлжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерештай уулзах үеэрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд нааштай шийдвэр гаргуулах талаар ярилцаж, шийдвэрт хүрсэн. Гэтэл ОХУ нь тус төслийг дахин гацаажээ. Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ. Жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой юм.