2024 оны сонгуульд нэг тойрог болсон Баян-Өлгий аймагт МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аубакир, АН-аас Д.Мурат нар нэр дэвшихээр тохирчээ

2024 оны сонгуульд нэг тойрог болсон Баян-Өлгий аймагт МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аубакир, АН-аас Д.Мурат нар нэр дэвшихээр тохирчээ

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт зохион байгуулна. Энэ жилийн сонгуулийг холимог системээр бүсчилсэн том тойрогт явуулахаараа онцлогтой. Тодруулбал, УИХ-ын 78 гишүүн олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж сонгуулийн хуулинд заасан. Тогтоолын төсөлд сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6 нийт 13 байхаар тусгасан юм. Ингэж сонгуулийн тойргийг бүсчилж томруулахдаа Баян-Өлгий аймгийг тусад нь нэг тойрог болгосон. МАН-ын даргыг ийм шийдвэр гаргахад УИХ-ын зарим гишүүд нөлөөлсөн ч үүнээс илүү үндэсний цөөнхөө дэмжсэн бодлого байсан гэдэг.

-МАН-ААС УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИР, ХНХ-ЫН ДЭД САЙД С.ЗУЛПХАР, БАЯН-ӨЛГИЙН ШАТАХУУНЫ “БОСС” Х.ЖАНХБЫЛ НАР НЭР ДЭВШИНЭ-

Тэгвэл  2024 оны УИХ-ын сонгуулиар Баян-Өлгий аймагт МАН, АН-аас хэн, хэн нэр дэвших тухай мэдээллийг хүргэж байна. Учир нь гол өрсөлдөөн тус хоёр намын дунд болох юм. Тэгвэл МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Т.Аубакир, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Рысжан ХХК-ийн захирал, Баян-Өлгий аймагт хувийн шатахуун түгээх сүлжээ станцтай Х.Жанхабыл нар нэр дэвшихээр тодорхой болжээ. Харин 2008 оноос хойш тасралтгүй 16 жил Баян-Өлгий аймгаас сонгогдон УИХ, Засгийн газрын гишүүнээр ажилласан Х.Баделхан энэ удаа нэр дэвшихгүй өнжих нь. Т.Аубакирын хувьд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ойлголцчихдог, идэвхээрээ ид танигдаж буй гарч ирж буй гишүүдийн нэг. Тэрээр энэ боломжоо ашиглан Баян-Өлгийн МАН-ын үйл ажиллага, энэ аймгаас төрд хэн ажиллах шийдвэрт нөлөөлж яваа нэгэн юм. Харин С.Зулпхарын хувьд 2020 оны долдугаар сараас Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байна.

Төрийн бодлогоор үндэсний цөөнх болсон казахуудад олгодог дэд сайдын квот дээр тэрбээр ажиллаж байгаа юм. Энэ ч утгаараа МАН-аас түүнд боломж олгож, ирэх сонгуульд нэр дэвшүүлэх нь.

Харин Х.Жанхбылын тухайд Баян-Өлгийн бензин шатахууны зах зээлийг баздаг, бизнесмэн юм. Түүнийг Т.Аубакир дэмжиж,  МАН-ын Бага хурлын гишүүн болгосон гэж буй.

-АН-ААС УИХ-ЫН ГИШҮҮН Б.БЕЙСЕН, УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.МУРАТ, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Х.ДАРМЕН НАР НЭР ДЭВШИНЭ-

Харин Ардчилсан намаас одоогийн УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн асан Д.Мурат, Аймгийн Засаг дарга асан Х.Дармен нар нэр дэвшихээр тохирчээ. Бейсений хувьд эмч мэргэжилтэй 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон ч санаачилж, боловсруулсан хуульгүй, АН-ынхан ч тоодоггүй, гавьяа байгуулаагүй, байсан, байгаагүй нь мэдэгдэхгүй байж байгаад бууж буй нэгэн.

Харин Д.Мурат нь 2016-2020 оны парламентад ажилласан энэ хугацаандаа бусдад бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэх хэрэгт нэр холбогдсон. Үүнээс үүдэн АН түүнд 2020 оны УИХ-ын сонгуульд улс төрийн дэмжлэг үзүүлж квот олгоогүй.  Түүнийг Баян-Өлгийчүүд “зуухны Мурат” гэдэг.

Баруун аймгуудыг цахилгаан эрчим хүчээр хангадаг цахилгаан станцтай, энэ салбарт тууштай олон жил үр бүтээлтэй ажилласан гэж ярьдаг. Угтаа бол АН-аас энэ квот дээр Х.Баттулгын хүн гэгддэг,  Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд нь орон тооны бус зөвлөх байсан, Ардчилсан намын дэд дарга Ш.Жандосыг нэр дэвшүүлнэ гэж байсан ч больж Д.Мурат дээр тогтож буй тухай мэдээлэл байна.   Харин аймгийн Засаг дарга асан Х.Дармены хувьд Баян-Өлгийнхнөөс бусад нь сайн мэдэхгүй нэгэн.