Я.Содбаатар "Генсекийн ажлаа авна" гэх шахалтыг үзүүлж буй ч Д.Амарбаясгалан энэ асуудлыг хөндөхгүй гэжээ

Я.Содбаатар "Генсекийн ажлаа авна" гэх шахалтыг үзүүлж буй ч Д.Амарбаясгалан энэ асуудлыг хөндөхгүй гэжээ

МАН Удирдах зөвлөлөө өнөөдөр, Бага хурлаа энэ маргааш /2024.03.22/ хуралдуулна.  Тус хурлаар МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын талаар хэлэлцэнэ. Мөн ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хэлэлцэх үү гэх хүлээлт олон нийтийн дунд байсан.

Учир нь Д.Амарбаясгалан баруун бүсэд нэр дэвших учраас намын ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хэлэлцэж магадгүй гэж байсан юм. Нөгөө талд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар "Генсекийн ажлаа авна" гэх шахалтыг үзүүлж байгаа талаар ч улс төрийн хүрээнд ярьж буй. 

МАН-ын дүрмийн 29.2-т намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь давхар албан тушаал хашихыг хориглодог юм. Энэ дагуу бол Д.Амарбаясгалан аль хэдийн генсекийн ажлаа өгсөн байх ёстой.

Эсвэл тэрбээр сонгуулийн өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаа өгөөд генсекийн ажлаа хийж магадгүй байгаа юм. Харин  Д.Амарбаясгала энэ талаар "Бага хурлаар сонгуульд оролцохоо илэрхийлэх, мөн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ. Түүнчлэн нэр дэвшигчдэд тавих журмаа батална. Эрх баригч намын хувьд мөрийн хөтөлбөр их чухал. Тиймээс намын зүгээс өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ хурлуудаар ямар нэгэн байдлаар генсекийн асуудал хөндөгдөхгүй" гэсэн билээ.