Адам Сэндлер өнгөрсөн оны Холливүүдийн хамгийн өндөр орлоготой жүжигчин болжээ

Адам Сэндлер өнгөрсөн оны Холливүүдийн хамгийн өндөр орлоготой жүжигчин болжээ

"Форбс" сэтгүүл өчигдөр 2023 онд хамгийн их орлого олсон Холливүүдийн кино жүжигчдийг танилцуулжээ. Уг жагсаалтыг $73 саяын орлого олсон Адам Сэндлер тэргүүлсэн байна. 2023 онд Нэтфликс компанитай хамтарч гурван уран бүтээл туурвисан нь түүнийг ийм амжилтад хүргэжээ.

Тухайлбал, Сэндлерийн Женифер Анистонтой хамт тоглосон “Murder Mystery 2” уран сайхны кино өнгөрсөн онд 173 сая цагийн үзүүлэлтээр Нэтфликсийн хамгийн их үзэлттэй кинонуудын тавдугаарт бичигдсэн юм. 2023 онд Сэндлер бас Нэтфликсийн “Leo” энимэйшн бүтээлийн продюсер, гол дүрийн дуу оруулагчаар ажилласан бол “You Are So Not Invited to My Bat Mitzvah” кинонд гол дүр бүтээжээ.

Энэ онд түүний тоглосон “Spaceman” уран зөгнөлт кино бас Нэтфликс платформд гарч эхлээд байгаа. Адам Сэндлерийн хувьд Форбсын жагсаалтыг 2002 оноос хойш анх удаагаа тэргүүлж байна. Жагсаалтын дэд байрт 2023 оны хит “Barbie” киноны гол дүрийг бүтээсэн Маргот Робби $59 саяын орлогоор бичигджээ. Ингэснээр 33 настай жүжигчин бүсгүй сүүлийн арван жилийн хугацаанд Форбсын жагсаалтын топ 10-д багтсан хамгийн залуу уран бүтээлч болж байна.