БНСУ-аас Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 100 мянган ам.долларын тоног төхөөрөмж хандивлалаа

БНСУ-аас Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 100 мянган ам.долларын тоног төхөөрөмж хандивлалаа

Улсын хоёрдугаар төв эмнэлэг эмнэл зүйн сургалтын шинэ тоног төхөөрөмжтэй боллоо. БНСУ-ын Гадаад хэргийн сайд өнгөрсөн наймдугаар сард Монголд айлчлах үеэр тус эмнэлэгт зочилж үйл ажиллагаатай нь танилцсан юм.

Энэ үеэр эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, сургалтын үйл явцыг сайжруулахад зориулан орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэл зүйн сургалтын тоног төхөөрөмж хандивлахаа амлаж байсан юм. Тэгвэл амлалтаа биелүүлж 100 мянган ам.долларын үнэ бүхий хамгийн сүүлийн сургалтын тоног төхөөрөмж, мульяж зэрэг зүйлсийг илгээснийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ким Жун Гү гардуулан өгчээ. Тоног төхөөрөмжийг хүлээн авсан УХТЭ-ийн ерөнхий захирал Я.Амаржаргал “Манай эмнэлэг БНСУ-ын Койка олон улсын байгууллага болон Засгийн газрын байгууллагуудтай олон жил хамтран ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Монголын хүн амд эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг хүүргэх, эмч, мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулахад чиглэсэн олон ажлыг хамтран хийж хэрэгжүүлсэн бөгөөд биднийг тусалж дэмжиж байдаг БНСУ-ын хамтран ажиллагч байгууллагууд, Элчин сайд Ким Жун Гүд баярлалаа” гэжээ.