ВИДЕО: Шүдний гаралтай хүндрэлээс болж мэс засалд орох иргэдийн тоо буурахгүй байгаа бол шинэ жилийн баяр тэмдэглэж эрүү, нүүрээ гэмтээх нь нэмэгдэж байна

ВИДЕО: Шүдний гаралтай хүндрэлээс болж мэс засалд орох иргэдийн тоо буурахгүй байгаа бол шинэ жилийн баяр тэмдэглэж эрүү, нүүрээ гэмтээх нь нэмэгдэж байна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасаг нь 16-аас дээш насны бүх хүмүүст лавлагаа тусламж үзүүлдэг Монгол Улсын хэмжээний цорын ганц тасаг юм.

ВИДЕО:

1971 онд Сэлээ тасгийн эрхлэгчтэй, 14 ажилтантай 30 ортойгоор Эрүү нүүрний мэс заслын тасаг үйл ажиллагаа эхлүүлсэн түүхтэй. Тус тасгийн эмч, сувилагчид нь нэг жилд 1000 орчим хагалгаа хийдэг бөгөөд түүний дийлэнхийг шүдний гаралтай болон сахрын хүндрэлээс үүссэн буглаа, мундас эзэлдэг байна. Харамсалтай нь шүдний цоорол, цоорлын хүндрэлийн улмаас үүссэн үрэвсэлт өвчин, идээ буглаа амны хөндий хүзүү, цээж, цээжний хөндий рүү халдах тохиолдлуудын тоо жилээс жилд буухгүй байгаа нь эмч, сувилагч нарын санааг ихээхэн зовоодог байна. Угтаа бол монголчууд амны хөндийгөө арчилдаг эмчийн үзлэгт тогтмол хамрагддаг бол хүндэрч мэс засалд орох эрсдэл нь багасах юм. Тиймээс салбар хариуцсан яам бодлогын түвшинд энэ чиглэлд анхаарах нь иргэдийн эрүүл мэнд цаашлаад эмч, эмнэлгийн ачааллыг буурууахад эерэгээр нөлөөлнө гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. 

-Баярын үеэр эрүү, хоншоорын хугарлын тохиолдол нэмэгддэг-

20 гаруй эмч сувилагчтай энэ тасгийн ачаалал баяр, наадмаар нэмэгддэг. Учир нь баяр ёслолын үеэр иргэд архидан согтуурч танхайрч, биенээ гэмтээх тохиолдол нэмэгддэг байна. Зарим тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэдий сайн үзүүлсэн ч эдгэшгүй өөрчлөлтөд орох хүртэл эрүү, хоншоороо хугалах тохиолдолд ч цөөнгүй байдгийг тус эмнэлгийн эмч нар онцолж байлаа.  Мөн улсын хэмжээний олон өдрийн дараалсан амралтаар шүдний гаралтай үрэвсэл, буглаагаар хүндэрсэн өвчлөгсөд нэмэгддэг аж. Эрүү нүүрний мэс заслын тасгийн өвчтөнүүдийн 50 хувиас дээш хүн үрэвсэлт өвчнөөр эмчлүүлдэг байна. Тиймээс байгууллага, хамт олноороо шинэ жилийн баяр тэмдэглэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж тус мэдээллийг бид хүргэж байна. 

-Иргэд гэртээ дур мэдэн эмчилгээ хийх нь буглаа үүсэн, хүндрэх гол шалтгаан-

Түүнчлэн иргэд ам дамжсан яриагаар гэртээ шүдээ өөрөө эмчлэх гэж хичээснээс болж буглаа үүсгэн, хүндэрч ирдэг талаар эмч нар хэлэв. Тус тасагт хэвтэн эмчлүүлж буй 50 настай эмэгтэйн шүд өвдөхөд эмчид хандалгүй  шууд өвчин намдаах эм уужээ. Мөн хавдар буулгахаар хүйтэн жин, цэнхэр спирт тавьсны улмаас илүү хүндрүүлж буглаа болж мэс засал хийлгэсэн байлаа. Өвчтөний хэлснээр анх амаа ангайж, хоол идэж чадахгүй болтлоо хүндэрсэн одоо сайжирсан гэв. Энэ мэт бодит жишээнүүд тус тасгаар дүүрэн байлаа. 

Мөн шүднээс болж харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдол цөөнгүй. Тухайлбал, Хөвсгөл аймгийн 19 настай залуу Сар шинийн баярын битүүний өдрөөс эхлэн шүд нь өвдөн Шинийн гуравны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар очсон байна. Шүд нь өвдөж эхэлснээс хойш гурван өдрийн дотор эрүү, цээжний хөндий, голт дагаад идээлсэн ба удалгүй амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарчээ.

Эрүү нүүрний мэс заслын тасгийн их эмч Г.Баярмөнх эмч "Нэг удаа шүд өвдөхөд хавддаггүй. Ингэж өвдөж байгаад намдчихдаг. Намдаж байгаа бол том асуудал үүсэх эхлэл тавигдсан гэсэн үг. Үрэвсэлт өвчин үүсэх гол шалтгаан нь амны хөндийн эрүүл ахуйн арчилгаа муу байгаатай холбоотой.  Мөн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зөв үзүүлж байгаа эсэх чухал. Цөөнгүй тохиолдолд буруу үзүүлснээс болж хүндэрсэн тохиолдол бий. Цаашлаад 2000 км ийн цаанаас ирэх иргэд хугацаа алдаж хүндэрч байгаа. Тунгалгийн булчирхай томорч үрэвсэхэд иргэд өөрсдөө өөрөө дур мэдэж спирт, муурын шээс, халуун хүйтэн жин жингээр жигнэж буй нь нөлөөлдөг.  Зөвхөн хүндэрсэн тохиолдолд манай тасагт ханддаг. Мөн булчирхай цочиход харьяа дүүргийн эмнэлэгтээ очиж үзүүлэхэд анхны тусламж үйлчилгээг зөв үзүүлсэн бол мэс заслын хэмжээнд ирэхгүй байх боломжтой. Мэс засал гэдэг эцсийн байдал дээр тулсан үед хийдэг арга хэмжээ юм" гэв.

Иймд шүднээс болж маш их хүндрэл үүсэж цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд амны хөндийн ариун цэврийг сайтар сахиж, хоол идсэний дараа шүдээ угаах, шүд нь өвдөөгүй ч зургаан сард нэг удаа шүдний эмчид үзүүлж сайтар цэвэрлэгээ хийлгэн, хянуулах хэрэгтэй юм.