Л.Оюун-Эрдэнэ: Шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх тоглоомын дүрмээ баталлаа

Л.Оюун-Эрдэнэ: Шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх тоглоомын дүрмээ баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг эцэслэн баталж, 2024 оны Их хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, Монгол Улс 126 гишүүнтэй болох өөрчлөлтийг хийлээ. Санал хураалтад 62 гишүүн оролцож, 91.2 хувийн саналаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн юм. Чуулганы хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. 

Тэрбээр “Энэхүү хуулийг санаачлагчийн хувьд Засгийн газраа төлөөлөөд та бүхэнд талархал илэрхийлж байна. Үндсэн хуульд оруулж буй сонгуулийн тогтолцооны асуудал нь нэг өгүүлбэр боловч суурь  реформ хийгдэж байна гэж ойлгож байна. Энэ нь шинэ  30 жилийг цоо шинээр эхлүүлэх тоглоомын шинэ дүрэм. Цаашлаад улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр өөрсөддөө зориулсан тоглоомын дүрэм зохиодог асуудалд энэ хүрээд цэг тавилаа. Энэ дүрмээр дараа дараагийн сонгуульд оролцдог байх том агуулга явж байна. Нэг гишүүнд оногддог эрх мэдлийн хэт төвлөрөл өнөөдрийн санал хураалтаар эцэс болж байна. Хууль тогтооход нэг гишүүн хоёр, гурван байнгын хороонд давхар ордог, хууль хэт хяналтгүй гардаг асуудал түүх болж үлдэж байна. Байнгын хороо илүү мэргэшсэн, нэг гишүүн нэг байнгын хороонд харьяалагддаг байх агуулгын реформ хийгдэж байна. Эрх мэдлийн төвлөрөл задарч байгаа учраас УИХ-ын гишүүн нь өөртөө давуу байдал олгодог асуудал шийдэгдлээ. Засгийн газар өнгөрсөн 30 жилийн алдаагаа дүгнэж шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө явж байна. Олон алдаа завхрал бий. Бид хамтдаа сайн, мууг нь нээлттэй болгоод явж байна.

Энэ шинэчлэл салбарлаад органик хууль болоод баяжаад ирэхээр өмнө нь гарсан алдаа завхарлуудад цэг тавигдаж шинэ тоглолтын дүрэм рүү орж байна гэж ойлгож байна. Энэ бол мэдээж УИХ-ын гишүүдээс маш их эр зориг, алсын хараа шаардсан хүнд, хэцүү өдрүүд байлаа. Энэ асуудал өмнө нь олон удаа яригдсан. Яг шийдэгдэхийн өмнө шийдэгдэлгүй яриа болж үлдэж байсан. Өнөөдөр энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд  хийсэн түүхэн шинэчлэл энэ болж үлдэнэ.

Засгийн газраас өргөн барьсан хувилбараар эрх мэдлийн төвлөрлийг хоёр дахин задлахаар болсон. Бид Ардчилсан намдаа хүндэтгэл үзүүлж, шийдвэрийнх нь дагуу 126 болгох зөвшилцөл хийсэн. Ардчилсан нам манлайлал үзүүлсэнд талархал илэрхийлье. Мөн ХҮН намд талархал илэрхийлье. Бид нийгмийнхээ захиалга, ирээдүйг мэдэрч, цөөнхдөө хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах итгэлцлээр Үндсэн хуулийн шинэчлэлийг хийлээ. Энэ маш их өөрчлөлт гарна. Жендерт маш том дэвшил ирнэ. Жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо руу Монгол Улс өнөөдрөөс эхлээд орж байна. Зөвхөн нутаг дэвсгэр, тойрог руу хандсан биш нийгмийн сегмент рүү хандсан том өөрчлөлтүүд гарна. Гадаад байгаа монголчуудын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноор парламентад орж ирэх үүд хаалга нээгдэж байна. Энэ нь гагцхүү намууд хүсэл зоригоос хамаарна. Намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг байх боломж бүрдэж байна. Гэр хороолод амьдарч байгаа иргэдийн төлөөлөл парламентд орж ирэх боломж бүрдлээ. Хүний суурь эрхтэй холбоотойгоор олон төлөөллийг оруулж ирэх үүд хаалга нээгдэж байна. Парламентад суудалгүй намууд УИХ-д орж ирж, өрсөлдөх боломж нээгдэж байна” гэлээ.

ҮЗЭХ: