Сүхбаатар аймаг хүүхдийг дэмжих жилийн хүрээнд бүх хүүхдийг нүд, шүдний үзлэгт хамруулна

Сүхбаатар аймаг хүүхдийг дэмжих жилийн хүрээнд бүх хүүхдийг нүд, шүдний үзлэгт хамруулна

Сүхбаатар аймаг 2023 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд дэмжих жилийн нээлтийн үйл ажиллагаа болж, энэ хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг холбогдох албаныхан олон нийтэд танилцууллаа.

Тус аймаг 65,8 мянган хүн амтай. Үүний 32 хувийг 0-16 насны хүүхэд зээлж байна. Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байна. Тэрээр хэлсэн үгэндээ, 2023 онд бид сум бүрт очиж хөгжил, хамгааллын үйлчилгээг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд соёл урлаг, хамгаалал, эцэг эхчүүд, хүүхдүүдийн оролцоотой уулзалт, соёл урлагийн үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэг, өртөөчилсөн сургалт, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх багийн үйлчилгээ зэрэг дөрвөн чиглэлд 40 орчим ажил, ага хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг хэллээ.

Аймаг, сумдын бүх ААНБ-ууд хүүхдийн өрөөтэй болох, ХБИ-д зориулсан стандартын налуу замтай болох, хүүхдийн асуудлаар ямар нэг шийдвэрийг заавал гаргасан байх, хүүхэд хамгааллын бодлоготой болох, эцэг эхийн зөвлөл байгуулах шаардлагыг тавьж байгаа аж.

Дэмжих жилийн хүрээнд хийгдэх ажлаас онцолбол, эрүүл мэндийн хүрээнд хүүхэд бүрийг нүд, шүдний үзлэгт хамруулна гэжээ. Учир нь нийт хүүхдийн 80 хувь нь шүдний өвчлөлтэй байгаа бол, мөн дийлэнх бүлэг нь ямар нэг байдлаар дэлгэцийн хамааралтай болсон гэх судалгааг эрүүл мэндийнбайгууллагаас гаргажээ. Тиймээс энэ хоёр чиглэлд голлон анхаарч буй аж.

Цаашлаад хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаас, гадна тоглоомын талбайнуудад эрсдэлийн үнэлгээ хийж, камер, гэрэлтүүлэг, гарц, орцны тэмдэглэгээг нэмэгдүүлэх, байгаль орчин хог хаягдал, агаарын блхирдлын асуудалд анхаарах, эрүүл чанартай ус уух боломжоор хангах, хүүхэд бүрийг нэмэлтээр дугуйлан секцэд хамруулах, бүх спорт заал хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх,соёл урлаг талаас хүүхдийн хөгжил, хамгааллын контент, мюзикл хийх, соёлын өв, түүх соёлын дурсгалт зүйлээ танин мэдэх аялал зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн дэмжих жилийн хүрээнд байгууллага бүр дээр нэрэмжит туг, дэвтэр аялана.