БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Улаан тайгын хамгаалалтын захиргаа"-ны даргаар Ж.Төмөрсүхийг буцаан томилжээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Улаан тайгын хамгаалалтын захиргаа"-ны даргаар Ж.Төмөрсүхийг буцаан томилжээ

БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан сайдын албанаасаа буухынхаа өмнө буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Улаан тайгын улсын хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Э.Батцоожийг томилоод байсан.

Тэгвэл тус томилгоог хууль бус гэж үзэж, БОАЖ-ын шинэ сайд Б.Бат-Эрдэнэ Ж.Төмөрсүхийг "Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа"-ны даргаар буцаан томилсон тухай цахим хуудастаа мэдээлсэн байна.

Тэрбээр, "Арваад жилийн өмнө 7000-8000 алтны нинжад эзлэгдэж, ан амьтад нь агнуулж бас дайжиж, гал түймэр, гэмт хэрэг тасралтгүй гарч сүйрлийн ирмэгт тулаад байсан Улаан тайга тусгай хамгаалалтын газар өдгөө экосистемдээ эргэн иржээ. Ховор ан амьтдын тоо толгой жилээс жилд өсөж, тайгын нинжа нар ч сураггүй болж. Нуурын загас, ойн амьтад тааваараа амьдрах нөхцөл бүрдэж. Энэ бүхний учир нь тусгай хамгаалалтын газрынхан уйгагүй ажилласных. Хамгийн гол нь яг газар дээрээ байрлаж хатуу ширүүнээс үл халширч зүтгэснийх. Зундаа мориор, өвөлдөө явганаар л туулах боломжтой 1.6 сая га тусгай хамгаалалттай газрыг 485 мянган төгрөгийн цалинтай Дархадын дөрвөн сумын дөчөөд байгаль хамгаалагч байгальдаа оршин хамгаалж байна" гэжээ.