В.Люба: Украины дайн дуусахаар заавал очно гэсэн бодолтой байгаа /ВИДЕО/

В.Люба: Украины дайн дуусахаар заавал очно гэсэн бодолтой байгаа /ВИДЕО/

Урин дулаан улирал ирж байгааг илтгэж өнгөрсөн амралтын өдөр залуусын зохион байгуулсан “дээлтэй монгол” эвентийн үеэр Украин Барби нэрээр сошиалд танигдаад буй Любаг бид isee.mn сайтын сошиал ID буландаа урилаа. Тэрбээр ярилцлагынхаа үеэр дайны хөлд нэрвэгдээд буй Украин улс дах төрөл садандаа санаа зовж буйгаа бидэнтэй хуваалцсан юм.

ВИДЕО:

-Сайн байна уу та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байна уу намайг Люба гэдэг. Одоо 18 настай. Отгонтэнгэр их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан.

-Аль улсын иргэншилтэй вэ?

Би Монгол иргэншилтэй. Аав маань Украин. Ээж маань Монгол.

-Өнгөрсөн амралтын өдөр Үндэсний төв цэцэрлэгт хүрээлэн дээр “Дээлтэй Монгол” өдөрлөг болсон шүү дээ. Тус өдөрлөгийн үеэр өөрийн тань дүр төрх их чимж, зураг нь нэлээдгүй сошиалд түгсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Би фэйсбүүк ухаж байгаад гэрэл зурагт дурлагсад гэх группийг анх харсан. Тухайн үед ээжтэйгээ ярилцаж байгаад очоод үзье гэж шийдсэн. Өмнө ийм арга хэмжээ, олныг хамарсан үйл ажиллагаанд нээх оролцдоггүй байсан юм.

Очсон чинь хүн бүр хараад байгаа юм шиг мэдрэмж өгсөн. Гэхдээ нээх олон зурагчид миний зургийг авч байгаа юм шиг ер санагдаагүй. Гэртээ ирээд харсан чинь миний зураг гарч ирээд хүмүүсийн эерэг сэтгэгдлийг хараад маш их баярласан. “Барби шиг байна” “Ямар хөөрхөн юм бэ” гэх сэтгэгдэл их байсан болохоор их ичсэн. /инээв/

-Аав ээжийнх нь талаар яръя л даа. Анх яаж танилцсан түүхээс нь бидэнтэй хуваалцаач?

-Аав маань Украинаас ирээд ээжтэй танилцаад тэгээд би төрсөн. /инээв/

-Одоогоор Украины нөхцөл байдал бас тийм ч сайнгүй байна шүү дээ. Таны хувьд Украин руу очиж байв уу. Тэнд байгаа төрөл садантайгаа холбоо барьсан уу?

-Би ерөөсөө очиж байгаагүй. Гэхдээ аавын хамаатнууд их байдаг болохоор хэцүү байсан. Орой бүр уйлаад тайван сууж ч чаддаггүй байсан. Бодох бүрд л сэтгэл өвдөөд. Аав минь олон жилийн өмнө бурхны орон руу явчихсан юм тийм болохоор их эмзэг туссан...

-Украин улсад очно гэсэн бодол байдаг уу?

-Уг нь саяхан очно гэж бодож байсан юм. Гэтэл дайн гарчихсан. Одоо очих ямар ч боломжгүй байна. Байдал намжихаар заавал очно гэж бодож байгаа.

-Тэнд байгаа төрөл садантайгаа холбоо барьж чадаж байгаа юу?

-Ер нь байнга утсаар холбоотой байдаг.

-Өөрийн тань хувийн сонирхлын талаар ярилцъя. Таны хобби юу вэ?

Би бүжиглэх зурах дуртай.

-Хоббигоороо гаргаж байсан амжилт байдаг уу?

-Байдаггүй юм шиг байна аа. Би модель болох сонирхолтой. Модель болох хэмжээний зорилго чинь нээлттэй байдал надаас мэдээж шаардана. Тийм болохоор би ичимхий зангаа дарах хэрэгтэй гээд олныг хамарсан үйл ажиллагаанд оролцож байна. Саяны эвент эхлэл байсан. Энэ бол миний хувьд том амжилт болоод байна гэх үү дээ. /инээв/

-Одоогоор нас бас залуу байна. Сайны хажуугаар саар зүйлс их бий. Сөрөг сэтгэгдэл бас нэлээдгүй авч шүүмжлүүлсэн. Тэрийг хэр хүлээж авав?

-Хүмүүс тоохгүй хаячихдаг гэдэг боловч үнэхээр тоохгүй байж би лав чадахгүй юм билээ. Гэхдээ цаашдаа хичээнэ ээ. “Хэдээр янзлуулсан юм бол” гэх сэтгэгдэл их байсан. Би хүн бүрд таалагдах албагүй шүү дээ.

-Чиний амьдралдаа баримталж явдаг зарчим?

-Яг таны хэлсэнчлэн хүн бүрийг байгаагаар нь хүлээж авдаг. Хүн бүрийг ч тийм байгаасай гэж хүсдэг. Нэгнийгээ бусад шиг байлгах цензур бүү үүсгээсэй гэж их боддог доо.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Эцэст нь гэр бүл, өөрийг тань дэмжсэн хүмүүстээ үг хэлэхгүй юу?

Бүгдэд нь маш их баярлалаа. Хайртай шүү.




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө