“Монос хүнс” компани Киргиз улсад салбараа нээжээ

“Монос хүнс” компани Киргиз улсад салбараа нээжээ

Монос Хүнс” хувьцаат компани үйлдвэрлэн гаргадаг 20 нэр төрлийн бүтээгдэхүүнээ Киргиз улсад албан ёсоор худалдаалж эхэлжээ. Тодруулбал, “Монос Хүнс” ХК нь Бүгд Найрамдах Киргиз Улсын томоохон эмийн сангийн сүлжээ “Лекарь” ХХК-тай хамтарч эх орондоо үйлдвэрлэсэн эрүүл мэндийн 20 нэр төрлийн бүтээгдэхүүнээ тус улсын хэрэглэгчдэд хүргээд хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хүрээнд “Монос Хүнс” Хувьцаат компаниас тус улсад бүтээгдэхүүнээ худалдаалах албан ёсны нээлтийн үйл ажиллагааг 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хийсэн байна. 

Өчигдөр Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог төдийгүй хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, холбогдох эрх зүйн үндсийг бататгах ач холбогдолтойг холбогдох хүмүүс тайлбарлаж байсан юм.

Мөн энэ талаар манай улсаас Киргиз улсад суугаа элчин сайд С.Ганхуяг Киргиз, Монгол хоёр улс хамтарч мах боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон тухай мэдэгдсэн. Киргизд Монголын 7 компани үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ сарын 16-нд “Монос хүнс” компани салбараа нээсэн байна.