Баруун бүсийн II тойрогт ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт бие даан нэр дэвших бол МАН, АН-аас хууччуулаа явуулахаар ажиллаж байна

Баруун бүсийн II тойрогт ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт бие даан нэр дэвших бол МАН, АН-аас хууччуулаа явуулахаар ажиллаж байна

Хамгийн том газар нутгийг хамрах баруун бүс буюу Говь-Алтай, Ховд, Увс, Завханы тойрогт улс төрийн гол хүчин МАН, АН-аас хэн, хэн нэр дэвшихээр горилж буй тухай мэдээллийг хүргэж байна. Энэ бол II тойрог бөгөөд 10 мандаттай юм.

-Д.АМАРБАЯСГАЛАНГ НЭР ДЭВШИНЭ ГЭЖ БУЙ Ч ЖАГСААЛТАД ОРОХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА-

Тус тойрогт МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар дэвшихээр намдаа хүсэлтээ өгч гэрээгээ байгуулжээ. Эдгээрээс гадна тус намаас Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад сонгуульд нэр дэвшихээр нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн Б.Заяабал, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Дашпүрэв, УИХ-ын гишүүн, сайд асан сүүлд Эрдэнэс Оюутолгойн захирлаар ажиллаж байсан Н.Цэрэнбат, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайхан,  Ховдын Засаг дарга Э.Болормаа, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд нар нэр дэвшихээр горилж байна.

Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг нэр дэвшинэ гэх мэдээлэл бий ч эргэлзээтэй байгаа юм. Учир нь МАН дотор түүнийг Говь-Алтайд нэр дэвшихгүй сонгууль дөхүүлээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ажлаа хүлээлгэн өгөөд жагсаалтад орно гэх таамаг яриа байгаа юм.

-ЦЕГ-ЫН ДАРГА АСАН Б.БИЛЭГТ БИЕ ДААН НЭР ДЭВШИНЭ-

Харин АН-аас тус тойрогт мөн одоогийн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар нэр дэвшихээр ажиллаж байна. Тэд бүгд дахин нэр дэвшихээ илэрхийлсэн. Эдгээрээс гадна тус намаас УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын баз  Д.Батцогт, Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Батсайхан, МИГ даатгалын эзэн Б.Түвшин, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Д.Цэндсүрэн нар нэр дэвшихээр горилж байна.

Энэ тойрогт нэр дэвшигчидтэй холбоотой бас нэг сонирхолтой мэдээлэл байгаа нь Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгт бие даан нэр дэвшиж магадгүй аж.

Түүнийг Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг гэх бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулга энэ тойрог руу явуулж байгаа гэх мэдээлэл ч байна. Намуудын нэр дэвшигчид 80 хувьтай тодроод буй бөгөөд ирэх сарын 20-нд Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хурлаа хуралдуулж нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодорхой болгох юм. Энэ жилийн сонгууль 13 том тойрогт явуулах бөгөөд санал хураалтыг зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт зохион байгуулна.