Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Баянхонгор зэрэг аймагт “Эрчүүдийн кабенит” байгуулжээ

Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Баянхонгор зэрэг аймагт “Эрчүүдийн кабенит” байгуулжээ

ХЭҮК-ын Архангай аймаг дахь референт С.Мөнхзаяа Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг танилцууллаа. 

Дээрх аймгуудын хувьд хүний эрхийг хангах, хамгаалах, дэмжих чиглэлд тодорхой ахиц дэвшил гаргаж ажиллажээ.

Тухайлбал, Хөвсгөл аймаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийг байгуулсан бол Архангай 2024 ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. 
Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Баянхонгор зэрэг аймаг “Эрчүүдийн кабенит” байгуулж, мэргэжлийн эмч бэлтгэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж буй аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүсийн хэмжээнд 170 иргэнд 1.448 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, 5000 ажлын байр бий болгосон байна. 

⦁    Архангай аймаг 17 иргэнд 104 сая, 
⦁    Хөвсгөл аймаг 32 иргэнд 192 сая, 
⦁    Баянхонгор аймаг 55 иргэнд 196 сая, 
⦁    Булган аймаг 38 иргэнд 676 сая, 
⦁    Орхон аймаг 28 иргэнд 280 сая төгрөгийн дэмжлэг тус тус үзүүлжээ. 

Хэдийгээр хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлд аймаг орон нутгийн зүгээс идэвх санаачилгатай ажиллаж байгаа ч Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд хүний эрхийн дараах таван асуудалд анхаарах шаардлагатай байгааг анхаарууллаа. 

Хангайн бүсийн аймгуудын хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх буюу агаар, орчны бохирдол, хүүхдийн сурч боловсрох эрх буюу сургуулийн дотуур байрын хүрэлцээ түүний орчин нөхцөл, мал бүхий иргэд, туслах малчин болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчин, тэдний хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхийн асуудал нэн тулгамдаж байна гэлээ.

Хангайн бүсийн аймгийн төвүүдэд ашиглаж буй уурын зуух, тээврийн хэрэгсэл, гэр хорооллын айл өрхийн ахуйн халаалтын зуухны утаа, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй цагаан тоосжилт зэрэг нь агаарын бохирдол нэмэгдэх шалтгаан болохын зэрэгцээ  зарим аймагт ундны цэвэр усны хангамж тулгамдсан асуудал болж байна. 

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүм, Цагааннуур суманд ундын цэвэр усны худаггүйн улмаас иргэд нуурын усаар ундаалж буй нь цэвэр усаар хангагдах эрх зөрчигдөх шалтгаан болж байна. Мөн Өвөрхангай, Баянхонгор, Орхон аймагт хүхэрлэг хийн хэмжээ MNS4585:2016 стандартаас 1.2-2.5 дахин их байна.