Г.Батбаяр агсны найз нөхөд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн гадна өнгөрсөн шөнө цугларчээ

Г.Батбаяр агсны найз нөхөд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн гадна өнгөрсөн шөнө цугларчээ

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-22 нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон гэх мэдээллийг түүний ойрын эх сурвалжууд анх олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Харин түүнийг өчигдөр /2024.04.26/ Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын авто зогсоолд байрлуулсан автомашиндаа нас барсан байдалтай байхад нь олдсон талаар албаны эх сурвалж мэдээлсэн. 

Зарим албан бус эх сурвалжууд, "өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа буудуулж амиа алдсан байдалтай олдсон. Тэрээр нас барахаасаа өмнө автомашиндаа суугаа зургаа хоёр найздаа чатаар явуулсан" зэрэг албаны эх сурвалжаар батлагдаагүй мэдээллийг өгч байгаа юм.

Тэгвэл өнгөрөгч шөнө /2024.04.26-27/ Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн гадна өмгөөлөгч Г.Батбаяр агсны найз, нөхөд болоод ойрын хүмүүс цугласан байна. Учир нь энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд Нийслэлийн цагдаагийн газраас ажлын хэсэг гаргах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Мөн өнгөрөгч шөнө талийгаач Г.Батбаяр агсны цогцост задлан шинжилгээ хийсэн гэх албан бус мэдээлэл байна. Улмаар өнөөдөр /2024.04.27/ Г.Батбаяр агсны амиа алдсан хэргийн нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж магадгүй байна.