ШУУРХАЙ: Р.Базараа нарыг суллах эсэхийг маргааш шийдэхээр болжээ

2024-05-08 15:53

ШУУРХАЙ: Р.Базараа нарыг суллах эсэхийг маргааш шийдэхээр болжээ

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр өмгөөлөгч нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хүсэлтийг шүүх маргааш буюу дөрөвдүгээр сарын 09-ны өдөр хэлэлцэхээр болсон байна. Гэхдээ тус хэргийн харьяалал нь тухайн шүүх мөн эсэхийг хэлэлцэж шийдвэрлэсний дараа Р.Базараа нарыг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг шийдэх аж. 

2024-05-08 07:48

ШУУРХАЙ: Хорих 461 дүгээр ангид хоригдож буй Р.Базарааг суллуулахаар өмгөөлөгч нь Сүхбаатар дүүргийн шүүхэд ханджээ

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүнтэй холбоотой хэд хэдэн хүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15 /2024.04.15/-ны өдөр  баривчилж, тэднийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. 

Улмаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөвдүгээр сарын 17 /2024.04.17/-ны өдөр хэлэлцээд “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базарааг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.

Тэгвэл түүний өмгөөлөгч "Р.Базараад шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх" саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Хачирхалтай нь Б.Базарааг өнгөрөгч дөрөвдүгээр сар /2024.04/-д Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Гэтэл түүний өмгөөлөгч ямар шалтгаанаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг гаргав гэдэг нь анхаарал татаж байна. Магадгүй прокуророос тус хэрэгт харьяалал тогтоосон учир дээрх шүүхэд хандсан байж болзошгүй байгаа юм.  Тодотговол, Р.Базараа нарын ажлын байр нь Сүхбаатар дүүрэгт байрлаж байсан бөгөөд тус ажлын байрнаас нь нотлох баримтуудыг хураан авч, бэхжүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа. Энэ ч утгаараа уг хэргийг тус дүүргийн шүүхэд шилжүүлсэн байж магадгүй байна. Ямартай ч Р.Базараагийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хэлэлцэж, түүнийг суллах эсэхийг шийдэх юм.